"Нээлттэй Хөвсгөл" өдөрлөг Сүхбаатарын талбайд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-06 17:17:03

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөг Сүхбаатарын талбайд энэ сарын 6-7-нд болж байна.


Өдөрлөгийн үеэр Хөвсгөл аймгийн бүх сум, нэг тосгон өөрсдийн онцлог, хөгжлийн төлөвлөгөөгөө талбайн асарт, Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, жуулчдад зориулсан олон төрлийн үйл ажиллагаа, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахын зэрэгцээ Хөвсгөлийн 6 ястны соёлыг сурталчилж байна. “Хөвсгөлөөр аялцгаая” танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Мөн “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаагаар нутгийн органик хоол, хүнсээ амтлуулж, цай, загас, загасан бүтээгдэхүүн, аяганы хорхог, жимс, жимсгэнэ, цагаан идээ, нэхмэл, сүлжмэл, гар урлал, бэлэг дурсгал, эмийн ургамал, самар, жимс зэрэг нутгийн брэнд бүтээгдэхүүнээ борлуулж байв.

Нээлттэй ажлын байрны үзэсгэлэнгээр орон нутаг дахь төр, хувийн хэвшлийн ажлын байрыг танилцуулж, ажил идэвхтэй хайгчдыг бүртгэх, шилжин суурьшиж ажиллаж, амьдрахад ямар дэмжлэг, боломж байгаа талаар мэдээлэл өгч байна.


Өдөрлөгийг Засгийн газрын Шинэ сэргэлт, хөдөөгийн сэргэлтийн бодлоготой уялдуулан зохион байгуулсныг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав онцлоод, “Монголд зочлох жилийн хүрээнд Хөвсгөл аймаг энэ оныг аймагтаа мөн “Зочлох жил” болгон зарлаж, жуулчдыг татах олон үйл ажиллагаа зохион байгуулснаар гадаад, дотоодын 120 мянга гаруй зочин хүлээн авлаа. Манай аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Цаашдаа ч эдийн засгийн гол тулгуур нь байсаар байх болно” хэмээв.


Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг ярихдаа, “Хөвсгөл аймгийн бүх бизнес эрхлэгч, тариаланч, малчин, урлаач, зураач, ажил олгогчдын төлөөлөл хүрэлцэн ирж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлгээд байна. Манай аймаг аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа тэлж байгаа тул сурталчилгаа хийхээс гадна хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах сонирхол маш их бий. Хөвсгөл аймгийн органик хүнс, эмийн ургамал гайхалтай. Орчин цагт энэ бүгдэд инновац хэрэгтэй. Иймд бизнесийн түншлэл тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх сонирхолтой байгаа” гэсэн юм.


Төв талбайн гол хэсэгт дархад, халх, буриад, урианхай, хотгойд, цаатан ясны онцлогийг харуулсан урцуудыг барьжээ. Хотгойд түмнийг сурталчилсан урцад Хотгойдын баатар, манжийн эсрэг тэмцэгч шадар ван Чингүнжав, Монгол Улсын тусгаар тогтнолд чухал үүрэг гүйцэтгэсэн Жалханц хутагт Дамдинбазар зэрэг алдартнаа сурталчлахаас гадна, тухайн ястны эдэлж хэрэглэж байсан өнөө цагт мартагдаад буй эдлэл хэрэгслийг дэлгэжээ. Тухайлбал сумын музейд хадгалагддаг Чингүнжавын сэлэм, бодын ширээр бөхөлж чагталж үдсэн, цоосон түгжээтэй, дээрээс нь сөхөж онгойлгодог, дээр үеийн авдар, архи нэрдэг хайшин тогоо, бүрхээл, зэс шанага байлаа. Хотгойд гэдэг нэрийг хойд-гойд, онцгой гойд гэхчлэн тайлбарладаг аж.


Түүнчлэн, урианхай түмний урцад Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумынхан эд өлгийн зүйлсээ сонирхуулж байна.

Сумын Соёлын төвийн ажилтан С.Ганзориг тайлбарлахдаа, “Манай суманд ариг, соёд, зэлмэ урианхай гээд олон ястан бий. Ариг урианхай бол алтайн урианхайгаас угшилтай. Чингисийн өрлөг Зэлмэ баатрын цэрэг Ариг нутагт нутаглаж байсан гэдэг. Аригийн голд Алунгоо хатан мэндэлсэн гэдгийг эртний эх сурвалжуудад тэмдэглэсэн бий. Иймд 1990-1992 онд Аригийн голын хөвөөнд Алунгоо хатны хөшөө босгосон байдаг. Энэ удаагийн өдөрлөгт бид цахиур буу, морины бүтэн тоног хэрэглэл, өвс хадуурын хэрэгслүүд, зэс данх, домбо гэхчлэн музейн үзмэрээс гадна орчин цагт мартагдаад буй гар багаж, ахуйн зүйлсийг таниулахаар авчирсан” гэлээ.

Улаан-Уул сумын Дархад дууны багш Б.Батцогтоос өмсгөл зүүсгэлийнх нь талаар тодруулахад, “Миний өмссөн хувцас бол анчных. Дархадууд эрт үеэс ан гөрөөнд явахдаа авлах андаа зориулж хувцасладаг байсан. Буга агнахад бугаа өөрт ойртуулахын тулд, андуурагдах маягаар, байгальдаа зохицсон хувцас өмсөж, ан агнадаг байсан. Бугын эврээр хийсэн хөгжмийн зэмсэг буюу бугын урам биедээ авч явж, ангаа дуудах зорилгоор бугын дуу гаргана. Үнэг хярс дуудаж ирүүлдэг зэмсэг ч бий. Дархад анчны отог барьж, дотор нь баавгайн арьс өлгөж, нэг төө урт үстэй хандгай гэх сүрлэг амьтны арьсыг дэвссэн байгаа. Дархад дуу бусад угсаатны дуунаас гэнэт хадааж дуулдгаараа онцлог. Уйтгар гуниг, баяр жаргал, шог дуу гээд олон төрөл бий. Өнөөдөр ангийн уриа дуудлагаа тайзан дээр үзүүлэхээс гадна манай урцаар орж гарсан хүмүүст сонирхуулж байна” гэлээ.


Түүнчлэн, нохойн хошуу, тэмээн таваг, бүйлс, цагаан халгай, чага мөөг, чонын элэг, морины уруул, гоньд гэхчлэн байгалийн зуу гаруй төрлийн эмийн ургамал авчирсан, Их-Уул сумын иргэн Д.Пүрэвсүрэн, “Бага байхад эмээ маань намайг дагуулан, уул, хадаар явж, эмийн ургамал түүдэг байсан юм. Тэр цагаас хойш эмийн ховор ургамлаа түүж байна даа. Жишээ нь байгалийн зэрлэг гоньд бөөр эмчлэхэд, бүйлс нь нойргүйдэж, мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүст сайн. Эгүүшин гэхэд ходоодны шарх эмчлэх, халгай цус төлжүүлэх, хаван буулгах, хордлого тайлах үйлчилгээтэй. Урантуул гэдэг ургамлыг хандлан амаа зайлахад шүд, буйлны үрэвсэлд сайн байдаг.

Өнгөрсөн жил хулмас, шивэр арилгадаг ургамал авчирсан, зарим хүн үр дүнд хүрсэн гээд их баярласан. Маш ховор ургамал учир энэ жил авчирч чадсангүй. Эмийн ургамал тус бүрд нь тайлбар бичээд, савлаад, хэрэглэхэд хялбар болгочихвол гэж бодох юм” хэмээн ярилаа.

Маргааш болох “Хөвсгөлийн ирээдүй” уулзалтаар аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, боломжууд, Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны шинэчлэл сэдвээр мэдээлэл хийж, “Хөрөнгө оруулалтын сан”-гийн талаар танилцуулах юм. Мөн “Хөх баавгайн домог” уран бүтээлийн нэгдэл “Тайгын эгшиглэн” тоглолтоороо 6 ястны язгуур урлагийг олон нийтэд сонирхуулж, “Соён гэгээрүүлэгчдийн өлгий” хүндэтгэлийн тоглолт, “Хөвсгөлд тавтай морил” хаалтын шоу зохион байгуулах юм. Өдөрлөгт Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгоны 200-аад иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцож байна.

Холбоотой мэдээ