Хөдөлмөрийн аюулгүй байдлын гурван сарын аяныг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Манай улсын барилгын салбарт сүүлийн 5 жилд 169 хүн осолд өртсөнөөс 44 нь нас барсан харамсалтай мэдээ бий.
Иймд БХБЯ, ХНХЯ хамтран “Барилга байгууламжийн
чанар, хөдөлмөрийн аулгүй байдал, эрүүл ахуй”-н гурван сарын аяныг 12 дугаар сарын нэгнийг дуустал зохион байгуулж
байна. Аяны хүрээнд 4 төрлийн 20
гаруй ажил хийхээр
төлөвлөж, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүрэгт барьж буй “Ногон нуур 1008
айлын орон сууц” төслийн талбайд ажил
олгогч, инженер техникийн ажилчдад зориулсан үзүүлэх сургалтыг өнөөдөр зохион
байгуулав.
-“Өвчин хэлж
ирдэггүй хийсэж ирдэг” гэсэн ардын үг бий, харин осол гэмтэл хэлж ирдэг, заавал
учир шалтгаантай байдаг тул хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухлыг “Сейфти
грийн зон” ХХК-ийн захирал Ч.Чинзориг сургалтыг удирдах үеэрээ анхааруулаад, барилгын
суурь тавцан, угсралтын шат,
өргөх механизм, түүнийг бэхлэх, уналтаас хамгаалах төхөөрөмж, хяналтын
удирдлага, нэмэлт хаалт, чиглүүлэгч замыг хэрхэн ашиглах аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, тус талбайд хэрэгжүүлж
буй Монголд нэвтрүүлэх боломжтой шинэ технологийг танилцууллаа.
Мөн энэ үеэр нийслэлийн ОБГ-тай хамтран өндөр барилгад гарсан галын аюулаас хүний амь аврах, галыг унтраах талаар үзүүлэлх сургалтыг зохион байгуулсан юм.
Үзүүлэх сургалтыг
нээж, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, сайдаар томилогдсон өнгөрсөн найман сард хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хамгийн их анхаарч байгаагаа
дурдаад, “Аюулгүй байдлыг хангаагүйгээс осол, гэмтэл гардаг тул барилгачдын тэргүүн зорилго нь хүн байх ёстой. Барилгын компаниуд мөнгөө
хэмнэж, ажилчдад хамгаалах хэрэгсэл өгдөггүй, тухайн иргэн өөрөө хэрэглэхгүй байх тохиолдол ч бий. Компаниудад ХАБ-ын шаардлага тавьдаг ч
хэрэгждэггүй. Иймд барилгын
компаниудын тусгай зөвшөөрөлтэй нь ярина. Зөвшөөрөл олгохдоо тухайн
компанийн санхүүгийн чадавх, даатгалын
эрсдэлийн үнэлгээг нь шалгуур болгохоос
гадна хотын төвд өндөр барилга барихыг зогсоож, өндөр байшин баривал бүх айлын автомашины гараашийг шийдсэн тохиолдолд зөвшөөрөл
олгодог болно” гэлээ.
ХНХ-ын дэд сайд
С.Зулпхар ярихдаа, “ХАБ-ын
тухай хуулийг 2008 онд баталсан ч амьдралд бүрэн
хэрэгжихгүй байна. Нэг хүний
амины цаана, гэр бүл, нийгмийн асуудал яригддаг. Осол гэмтлээс үүдэн хөдөлмөрийн чадваргүй болсноор
гэр бүлийн орлогод нөлөөлж, нийгмийн
сэтгэл зүйн хямралыг дагуулдаг. ХАБ барилгын талбай бүрд, өдөр бүр, цаг бүр хэрэгжих ёстой. Иймд сайн туршлага судалж, дадлага,
сургалтыг байнга хийж байх ёстой.
Хувь хүн бүр аюулгүй байдлаа хангахыг ухамсарлах хэрэгтэй”
хэмээв.
“Ногоон нуур 1008
айлын орон сууц” төслийн нэгжийн зохицуулагч Д.Од, “Талууд хариуцсан
ажлаа хугацаанд нь хэрэгжүүлж байна. Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх
дүрэм, чанарын хяналтын журмыг дагаж
мөрдөх нь барилгыг чанартай барих, осол гэмтэл гаргахгүй байх нөхцөл болдог. Төслийн хувьд хөнгөн
цагаан хэв хашмалыг оруулж ирсэн нь цаг хугацаа
хэмнэх, аюулгүй байдал хангах талаасаа шинэлэг. ХАБ-ын тухайд манай
улсад шинээр нэвтрүүлж буй зүйл нь хамгаалалтын тор бүхий
шат, тавцан юм. Энэ шатыг
ашигласнаар ХАБ-ыг сайн хангаж байна”
гэсэн юм.
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас гаргаж, Монголын тал зураг төслүүдийг болосруулж, газар чөлөөлөх, хянах, зөвлөх, гадна тохижилт, шугам сүлжээ зэрэг ажлыг хийж байгаа. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий 84.833 м2 талбайтай, 7519 м2 ил болон газар доорх автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний, 1262 м2 хүүхдийн тоглоомын, 7270 м2 ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай, ниит 1008 айлын цогцолбор хорооллын төсөл юм. Төслийн инженер, техникийн ажилчдын 90 хувь нь монголчууд бөгөөд тус хотхоныг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
“Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны хорооллын зураг
төслийн захиалагчаар БХБЯ, захиалагчийн
хяналтыг “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл хэрэгжүүлэх нэгж, ТЭЗҮ, зураг төслийг “Интеллект тауэр”
ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп
корпораци” ажиллаж, БНХАУ-ын буцалтгүй
тусламжийн 347.4 сая юанийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.