Б.Лхагвасүрэн: Эдийн засаг эхний хагас жилд 6.4 хувиар өссөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-03 16:15:44

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны намрын ээлжит чуулганы эхний хуралдаанаар Монголбанкнаас энэ оны есдүгээр сарын 25-нд өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хуралдаанд танилцуулав.


Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикоос үүдэлтэй хүндрэлүүдийг Монгол Улс амжилттай даван туулж, эдийн засаг сүүлийн жил гаруй хугацаанд хурдацтай сэргэж байгаа аж. Гэвч глобал эдийн засгийн орчны тодорхой бус байдал, гэнэтийн хэлбэлзэл өндөр хэвээр байгаа тул сэргэлтийг цаашид хадгалахын тулд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай болсныг танилцуулгын эхэнд дурдав. Эдийн засгийн өсөлтийн төлөв өндөр байгаа нь манай улс уналтаас сэргэлт рүү эрчтэй шилжиж байгааг илтгэж байгаа гэлээ. Гадаад орчны амаргүй нөхцөл байдал шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хэдий ч эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн байна. Нүүрсний экспорт эрчимжиж, тээвэр, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл сайн байсан нь нийт өсөлтийг голлон тэтгэсэн аж. Мөн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ чухал нөлөөтэй байсныг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо.


Эдийн засгийг энэ онд уул уурхайн салбар голлон тэтгэж, өсөлт 6 орчим хувьтай байх, экспорт саадгүй үргэлжилбэл ирэх онд энэхүү өсөлтийн эрчийг хадгалах тооцоололтой байгаа аж. Инфляцыг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад суурь нөхцөл болох тул инфляцыг дунд хугацаанд 6 хувь (+/-2 нэгж)-ийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд тогтвортой өсөх, хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн хөшүүрэг болно гэдгийг мөн онцлон тэмдэглэв.


Инфляц сүүлийн жил гаруй хугацаанд алгуур буурч, энэ оны долдугаар сард 9.2 хувь, наймдугаар сард 10 хувьтай гарсан байна. Инфляцын эсрэг мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж 2023 оны туршид бодлогын төлөвийг хадгалсны зэрэгцээ худалдааны түнш орнуудын инфляц саарч, тээвэр логистикийн зардал болон хугацаа багассанаар гадаад шалтгаантай үнийн дарамт буурсан нь нөлөөлсөн байна. Хэдий инфляц энэ оны зорилтот түвшинд буурсан ч гадаад, дотоод эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр байгааг танилцуулгад дурдав. Иймээс мөчлөг сөрсөн, сахилга баттай төсөв мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, нийлүүлэлтийн гинжин сүлжээ, ялангуяа дотоодын хүнсний тогтвортой тасралтгүй хангамжийг бий болгох, иргэд, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдын бодит орлогыг хамгаалсан нам тогтвортой түвшний инфляцад хүрэх боломж ихээхэн хязгаартай болохыг тэмдэглэж байв. Цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.


Үргэлжлүүлэн тэрбээр төлбөрийн тэнцлийн талаар товч танилцуулав. Энэ оны эхнээс экспортын эрч хадгалагдаж манай улс валютын цэвэр орох урсгалтай байжээ. Гадаад валютын албан нөөц наймдугаар сарын эцсийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар, өнөөдрийн байдлаар 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 20 сарын хамгийн өндөр үзүүлэлт гэв. Экспорт сайн байгаа хэдий ч эрдэс, түүхий эд, бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байгаагийн зэрэгцээ төсвийн өндөр зардал импортыг өдөөж, валютын гарах урсгалыг эрчимжүүлж байгаа нь төлбөрийн тэнцлийн нөхцөлийг муутгах эрсдэл үүсгээд байгааг хэллээ. Нэн тэргүүнд улсын санхүүгийн нөөц, чадавхыг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, аливаа хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоодын санхүүгийн чадавхтай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж. Энэ жилээс УИХ жил бүрийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч, нэгтгэн баталдаг болсонтой холбоотойгоор энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монголбанк хуульд заасан өөрийн үндсэн зорилт, чиг үүргийн хүрээнд тодорхойлон боловсруулсан байна.


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж ажиллуулах, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдаа, цахим төлбөр тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт онцгойлон анхаарсан гэв. Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах, дэд бүтэц, логистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй гээд “Иймээс Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь дэд бүтцийг бий болгохтой холбоотой зорилтыг энэ онд шинээр тусгасан” хэмээн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа.


Банкны салбарт эх үүсвэрийн зардал багатай, урт хугацаатай хөрөнгө оруулалт, ногоон тогтвортой хөгжлийн төслийг санхүүжүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход, гадаадын банкны бие даасан салбар нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулах нь томоохон нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна. Иймээс ирэх онд гадаадын банкны салбар, нэгжийн үйл ажиллагааг явуулахад тавигдах нөхцөл шаардлагыг гадаадын банкны харьяалал, өмчлөлийн төрөл, бизнес загвар зэрэгт нь тохируулан тогтоож, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг бий болгоход анхаарал хандуулж ажиллах юм байна. Мөн ногоон хөгжлийн зорилтуудыг хангах, тогтвортой санхүүжилтийн замын зураг зурагдсан банкны салбарын ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэх зорилтыг хангахад ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг цаг алдалгүй хөгжүүлэх шаардлагатай гэв. Энэ чиглэлээр Монголбанканд хөгжүүлж эхлээд байгаа эх өгөгдлийн дэд бүтцийг ашиглан, ногоон тогтвортой санхүүжилтийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг шат дараатай бий болгох ажлуудыг банкнуудтай хамтран 2024 оноос хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.


Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байгаа аж. Монголбанкны 2024 оны бодлого, үйл ажиллагаа, инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм байна. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 


Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Холбоотой мэдээ