ДАРХАН-УУЛ: Шинэ суурьшлын бүс бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-03 15:28:24

Дархан, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дархан хот 90 мянга орчим хүн амтай. Жилээс жилд хүн ам өсөн нэмэгдэж, өмчлөлийн газар авах, цаашлаад зөвхөн олон давхар байранд бус амины орон сууцтай болох эрмэлзэлтэй иргэд олон байдаг. Аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд иргэдийн хамгийн их хөндсөн сэдэв нь өмчлөлийн газартай болох. Тиймээс Дархан сумын суурьшлын бүсийг тэлэх талаар Дархан сумын засаг даргаар ахлуулсан ажлын баг энэ сарын 2-нд хуралджээ.



Уг ажлын багт аймгийн ерөнхий архитектур, ГХБХБГ, Захирагчийн ажлын алба, ДСЦТС ХК, Дархан-Ус суваг ХК, УЦУОШТ зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ.


Ирэх арван жилд хотын хүн амаа даруй хоёр дахин өсгөх зорилго дэвшүүлсэн бөгөөд шинэ суурьшлын бүсэд анхнаас нь зөв төлөвлөлт хийхээр зорин ажиллаж байна.


2013 оноос хойш Дархан сумын хэмжээнд иргэнд шинээр газар өмчлүүлээгүй бөгөөд суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон. Харин амины болон нийтийн орон сууц барих ААНБ-уудад газар олголт хийсээр ирсэн бөгөөд хотын утааг багасгах гэр хорооллыг тэлэхгүй байх зорилготой гаргасан тухайн үеийн сумын засаг даргын гаргасан шийдвэр одоо ч мөрдөгдөж байна.

Учир нь газар нутгийн хэмжээ бага, төлөвлөлтгүй газар олголтоос үүдэн гарах олон сөрөг үр дагаврууд байдаг ажээ.


Тиймээс Хонгор, Орхон сумын нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүсийг бий болгож, дэд бүтцэд холбогдох амины болон нийтийн орон сууцны хорооллыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа аж.


Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа хурлын үеэр хэлсэн үгэндээ, "Дархан хотын суурьшлын бүсийн радиусыг 10-15 километр байхаар эхний ээлжид тогтоосон. Суурьшлын бүсүүдийг шинээр төлөвлөх ажлын багийн хурал зохион байгуулж байгаа нь анхаарах ёстой асуудлууддаа санал солилцож байна" гэв.


Тухайлбал ундны усны байгууламж хийж болох нөөц, салхины чиг, дэд бүтцийн чиглэлийн эх үүсвэрүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.


Газар олголтыг хүртээмжтэй, нээлттэй зохион байгуулах бөгөөд одоогоор хэдэн иргэнд газар олгох нь тодорхой болоогүй ажээ. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээ болох худалдаа үйлчилгээний салбаруудыг байгуулахаас эхлээд шийдвэрлэх олон ажил бий гэдгийг дурдлаа.

Холбоотой мэдээ