Японы гарааны компани аварга робот бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ЙОКОХАМА, 2023 оны аравдугаар сарын 2 /Reuters/. Токиод
төвтэй "Tsubame Industries" стартап компани 4.5 метр өндөр, 3.5 тонн жинтэй, дөрвөн
дугуйт робот бүтээжээ.
Нисдэг үлэг гүрвэл археоптериксийн нэрээр ARCHAX хэмээн нэрлэсэн энэхүү аварга робот Японы алдарт "Mobile Suit Gundam" анимэ киноны роботтой төстэй бөгөөд 3 сая ам.долларын үнэтэй аж.
Уг роботыг энэ сарын сүүлчээр эхлэх Японы “Mobility
Show” үзэсгэлэнд танилцуулна.
Роботын их бие доторх бүхээг нь гадна талын камераас дүрс хүлээн авдаг дэлгэцүүдээр тоноглогдсон бөгөөд ингэснээр их бие дотроос роботын гар, хөлийг залуураар удирдах боломжтой. Уг робот нь босоо байрлалтай "робот горим" болон цагт 10 км хурдлах боломжтой "автомашины горим" гэсэн хоёр горимтой.
"Япон бол анимэ, тоглоом, робот, автомашины үйлдвэрлэлээрээ алдартай тул эдгээр бүх элементийг нэг дор нэгтгэсэн бүтээгдэхүүн бүтээж чадвал гайхалтай байх болно гэж бодсон" гэж "Tsubame Industries" компанийн гүйцэтгэх захирал, 25 настай Йошида Рё ярилаа.
Тэрбээр робот сонирхогчдод зориулан ийм таван робот үйлдвэрлэж худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ч гамшгийн үед тусламж үзүүлэхэд эсвэл сансрын салбарт ашиглана гэж найдаж байна.
Йошида миоэлектрик хиймэл гар үйлдвэрлэдэг компанийг үүсгэн байгуулсан бөгөөд үйлдвэрээ өргөжүүлнэ гэж найдаж буйгаа мөн ярьжээ.