Михал Лукеш: Чехийн Үндэсний музейд Монголтой холбоотой 2500 гаруй үзмэр бий
ТОЙМ
Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал, доктор Михал Лукештэй уулзаж ярилцлаа.
Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 9-15-нд Монгол Улсад ажиллах хугацаандаа Улаанбаатар хотноо болсон Олон улсын монголч эрдэмтний XII их хуралд оролцож илтгэл тавьсны зэрэгцээ Соёлын яам, ШУА болон ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, “Чингис хаан” музейн удирдлагуудтай уулзаж, хоёр талын цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар санал солилцсон байна.
Ноён Михал Лукеш XX зууны Европын түүх судалдаг түүхч мэргэжилтэй, Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирлаар 21 дэх жилдээ ажиллаж байгаа хүн юм. Чехийн Үндэсний музей нь 1818 онд байгуулагдсан, 20 сая гаруй үзмэртэй, энэ нь тухайн улс дахь музейн сан хөмрөгийн 30 гаруй хувийг эзэлдэг, музей, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Европын томоохон музейнүүдийн нэг юм байна.
-Юуны өмнө бидний урилыг хүлээн авч ярилцлага өгч байгаад талархал илэрхийлье!
-Ярилцлагад урьсан Та бүхэнд баярлалаа.
-Монгол-Чех улс 1950-иад оноос эхлэлтэй найрамдалт харилцаатай орнууд билээ. Орчин үед энэ харилцаа бүх салбарт өргөн дэлгэр хөгжиж байгаа. Энэ хүрээнд БНЧУ-ын Үндэсний музейн Ерөнхий захирал Монголд ажиллаж байна хэмээн ойлгож байна. Энэ удаагийн таны айлчлалын зорилго юу байв? Та Монголд байх хугацаандаа ямар ажлууд амжуулав аа?
-Тийм ээ, Чех, Монгол Улс бол олон жилийн харилцааны түүхтэй. Албан ёсны харилцааны түүхийг харах юм бол одоогоос 73 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, 70 жилийн өмнө буюу 1953 онд тухайн үеийн Чехословакаас Монгол Улсад суухаар томилогдсон анхны Элчин сайд Улаанбаатарт хүрэлцэн ирж байжээ. 1950-иад оноос хойш улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын харилцаа хөгжсөн. Энэ хүрээнд олон монголчууд Чех улсад суралцаж, төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн. Чехийн талаас мэргэжилтнүүд, археологийн болон геологийн хайгуулийн ангиуд Монголд ажиллаж байлаа. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр харилцаа түр суларсан. Сүүлийн жилүүдэд буцаад өргөн хүрээний харилцаа идэвхжиж байна. Энэ хүрээнд манай Чехийн Үндэсний музей ч Монголтой харилцах харилцаагаа шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чехийн Үндэсний музейд зочлов.
2023 оны 5 дугаар сар
Өнгөрсөн 2023 оны тавдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чех улсад айлчлахдаа манай музейд зочилж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар бидэнтэй ярилцаж, энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр тогтсон. Мөн тавдугаар сард Монголын Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Чехэд ажиллаж, Чехийн үндэсний музей, Монголын ШУА хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт бид гарын үсэг зурсан юм.
Энэ удаад миний бие эдгээр эхлүүлсэн, ярьсан ажлуудынхаа талаар монголын талын холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцах, мөн Улаанбаатар хотноо болсон Олон улсын монголч эрдэмтний их хуралд оролцож Чех-Монголын соёлын харилцааны асуудлаар илтгэл тавих зэрэг ажлаар Монгол Улсад ажиллалаа. Хэдийгээр богинохон хугацаанд ажилласан ч олон ажил амжуулаад буцах гэж байна.
Тухайлбал, Соёлын сайд Ч.Номин, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, “Чингис хаан” музейн захирал С.Чулуун нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэ ташрамд хэлэхэд, Монголын талын нөхөд маань биднийг халуун дотноор хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны тодорхой саналуудаар харилцан ярилцсанд таатай байна.
Чехийн үндэсний музей, Монголын ШУА хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.
2023 оны 5 дугаар сар
-Чехийн Үндэсний музей, Монголын ШУА хоорондын санамж бичгийн хүрээнд хэрхэн хамтын ажиллагаа өрнүүлж, ямар ажлуудыг хийхээр тохиолцсон бэ?
- Чехийн Үндэсний музей, Монгол Улсын ШУА хооронд байгуулсан санамж бичигт шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, хамтарсан судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний ажлууд хийх, үзэсгэлэн гаргах зэргээр олон чиглэлд хамтран ажиллахаар тусгасан. Энэ удаа миний бие ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нартай уулзаж, санамж бичигт тусгасан ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх боломж нөхцөлийн талаар ярилцлаа. Зарим тодорхой шийдэлд ч зарчмын хувьд хүрсэн. Тухайлбал, Чехийн Үндэсний музей Монголын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтарч “Монголын үлэг гүрвэлийн нууц” үзэсгэлэнг 2025-2026 онд Чех улсад гаргахаар ярилцлаа. Энэхүү үзэсгэлэн бол ганцхан Чех улсад төдийгүй Европт гарах хамгийн сонирхолтой үзэсгэлэнгүүдийн нэг байна гэдэгт итгэлтэй байгаа. Үзэсгэлэнг үзэхээр маш олон жуулчид Чех улсыг зорьж ирэх байх. Үзэсгэлэн гаргах талаар дахин нарийвчлан ярилцаж, цаг хугацаагаа тогтохоор болсон.
-Тэгвэл Чехийн Үндэсний музей “Чингис хаан” музейтэй хэрхэн хамтран ажиллахаар болоод байна вэ?
-Бид “Чингис хаан” музейн удирдлагатай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Манай талаас “Чингис хаан” музейн захирал С.Чулууныг 2023 оны 10 дугаар сард Чех улсад урьсан. Энэ үеэр үргэлжлүүлэн хамтын ажиллагааны талаар нарийвчлан ярилцана.
Энэ удаад миний бие “Чингис хаан” музейнхэнтэй уулзахдаа “Чингис хаан” үзэсгэлэнг Чех улсад гаргах, Чехэд хадгалагдаж байгаа Монголын түүх, соёл, ёс заншилтай холбоотой соёлын өвүүдээр тайлбар бүхий зурагт каталоги хэвлүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийхээр эхний байдлаар ярилцлаа. “Чингис хаан” үзэсгэлэн 2023-2024 онд Франц улсад гарна. Чехийн Үндэсний музей энэхүү үзэсгэлэнг 2024 онд Чех улсад шилжүүлэн гаргах боломжтой гэж үзэж байгаа. Удахгүй энэ талаар эцсийн шийдвэр гаргана.
Ер нь бидэнд Чингис хааны музейн орчин үеийн үйл ажиллагаанаас суралцах зүйл олон байна. Монголчууд “Чингис хаан” музейг маш богино хугацаанд дэлхийн орчин үеийн музейн стандартын дагуу барьж байгуулж чадсан байна. Хэдийгээр манай музей 200 гаруй жилийн түүхтэй ч “Чингис хаан” музейгээс шинэ технологи, боловсрол, танин мэдэхүйн туршлага, яаж үзэгчээ нэмэгдүүлэх талаар харилцан туршлага солилцох олон ажлууд байна.
Бидний эхний зорилго дээр дурдсан үзэсгэлэнгүүдээ амжилттай гаргах юм. Манай музейгээс Монголын талтай хамтран гаргахаар төлөвлөж байгаа “Монголын үлэг гүрвэлийн нууц” болон “Чингис хаан” үзэсгэлэн нь чехүүд төдийгүй түүгээр дамжин өнгөрч яваа хүмүүсийн хувьд маш сонирхолтой байх болно гэж бодож байгаагаа дахин хэлье.
-Хоёр талын хамтын ажиллагаа шинэ шатанд гарах нь гэж ойлгож байна. Тавдугаар сард суурийг нь тавьсан ажлууд шуурхай шийдвэрлэгдэж байгаа юм байна...
-Миний хувьд өнгөрсөн хавар анх монголчуудтай уулзаж хамтран ажиллахаар ярилцсан. Тэд маань Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон ШУА-ийн удирдлагууд. ШУА-ийн удидлагыг бид Чехэд урьж санамж бичиг байгуулсан, буцаагаад намайг Монголд урьсан, өнөөдөр би ингээд Монголд ирчихсэн хамтран ажиллах зарим ажлуудаа тохирчихоод явж байна. Бидний хамтын ажиллагаа эхлээд 4-5 сар болж байгаа ч ажлууд үнэхээр хурдацтай, эрчимтэй урагшилж байна. Тийм болохоор бидний төлөвлөсөн ажлууд цаашид саадгүй ажил хэрэг болох нь гэж харж байгаа. Мөн шинээр хийх маш олон ажил гарч ирэх байх.
Чехийн Үндэсний музей зөвхөн “Чингис хаан” музей, ШУА-тай хамтран ажиллах юм биш шүү. Бид Монголын бусад музейнүүд, байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаа. Алхам алхамаар цааш харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлээд явахаар төлөвлөж байна. Удахгүй хамтын ажиллагаанууд улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Чехийн талаас Монголтой хамтран ажиллах маш их сонирхолтой байгаа. Монголын тал үүнийг мэдэрч, үнэхээр эелдэг, ажил хэрэгч хүлээж авч байна. Тийм болохоор би ч дахин дахин Монголд ирэх байх гэж бодож байна. Манай музейн Палеонтологийн экспедиц Монголд ирээд говь руу явчихсан байгаа, Дараа надад бас тэдэнтэй явах боломж гарах байх гэж найдаж байна. Манай Европт Монголыг “жижгхэн хойд америк” гэж ярьдаг. Тиймээс ганц говиор зогсохгүй, ой мод, уул, ус, нууруудын нутгаар явж үзэх юмсан гэж бодож байна.
-Зөвхөн Монголын тухай үзэсгэлэнгүүдийг Чехэд гаргаад зогсохгүй, Чехийн тал бас манай улсад үзэсгэлэн гаргах боломжтой юм байна. Танай тал Монголд ямар үзэсгэлэнгүүд гаргах сонирхолтой байгаа вэ?
-Чехийн талаас санал болгох олон төрлийн үзэсгэлэн байгаа. Гэхдээ бид юуны түрүүнд Монголын талын сонирхлыг харгалзан үзнэ. Монголчууд маань манай юуг илүү сонирхож байна вэ гэдгийг гол болгоно. Тухайлбал, Чехийн талаас:
- Чехийн цайзууд
- Чехийн алдартай хөгжмийн зохиолчид
- Czech garnet буюу Чехийн анар чулууны үзэсгэлэнг Монголд гаргах боломжтой. Үүнийг тухайн үед нь хоёр тал тохиролцоод үзэсгэлэнгээ гаргана хэмээн төлөвлөж байна.
Доктор Михал Лукеш Олон улсын монголч эрдэмтний XII их хуралд илтгэл тавив. 2023 оны 8 дугаар сар
-Та энэ удаа Монголд ирэхдээ Олон улсын монголч эрдэмтний их хуралд оролцож, илтгэл тавьсан байгаа. Тэрхүү илтгэлийнхээ талаар тодруулж ярьж өгөөч...
-Тийм ээ, Олон улсын монголч эрдэмтний их хуралд оролцож, Чех-Монголын соёлын харилцааны талаар илтгэл тавьсан. Миний илтгэл 4 хэсэгтэй, нэгдүгээрт, хоёр орны соёлын харилцааны түүхийг тодруулсан. Хоёрдугаарт, Чехийн Үндэсний музейг танилцуулсан. Чехийн Үндэсний музей бол 20 сая гаруй үзмэртэй, 20 байшинтай, дотроо байгалийн түүхийн музей, түүхийн музей, хөгжмийн музей, угсаатны музей буюу Напрстек (Naprstek) гээд Ази, Африк, Америк соёлын холбоотой үзмэрийн музейтэй. Бас номын сантай, эрдэм шинжилгээний төрөл бүрийн ажлууд хийдэг лабораториудтай, музей, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа хосолсон үйл ажиллагаатай газар. Үүнийгээ танилцуулсан хэрэг. Гуравдугаарт, Чехийн Үндэсний музейд байгаа Монголын холбогдолтой зүйлүүдийн талаар мэдээллээ. Дөрөвдүгээрт, Чехийн Үндэсний музейгээс Монголын талтай цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний талаар оруулсан байгаа.
Манай Ази, Африк, Америк соёлын Напрстек музейд 2500 гаруй Монголын холбогдолтой үзмэрүүд байна. Бид эдгээрийг 20 дугаар зуунд, бүр тодруулбал, 20-р зууны дундуур 1950-иад оноос эхэлж цуглуулсан. Тэр үед Монголд ажиллаж байсан чехүүд Монголоос маш олон үзмэрийг аваачиж өгсөн байдаг. Эдгээр 2500 үзмэрийн тал нь шашинтай холбоотой, тал нь монголчуудын өдөр тумын амьдралтай хамааралтай үзмэрүүд юм. Энэ үзмэрүүдийг хариуцсан доктор Хелена Херолдова (Helena Heroldova) “Төвөд ба Монгол” нэртэй ном хэвлүүлсэн.
-Ер нь Монгол-Чехийн соёлын харицааны түүх хэзээнээс эхэлсэн байна вэ? 20 дугаар зуунд л эхэлсэн юм уу? Түүнээс өмнөх соёлын харилцааны ул мөр байна уу?
-Манай хоёр улсын хооронд хамгийн анх тэмдэглэгдсэн харилцаа 19-20 дугаар зууны хооронд байна. 1890-ээд онд Чехийн аялагч Ханс Лидир (Hans Leder) гэж хүн Монголд ирж байжээ. Энэ хүн одоогийн Улаанбаатар, тухайн үеийн Хүрээнд олон удаа ирж, 4000 гаруй Монголын холбогдолтой эд зүйл цуглуулсан гэгддэг.
Хамгийн том өргөн хүрээтэй харилцаа мэдээж 20 дугаар зууны дунд үе буюу 1950-иад оноос эхэлсэн байна. 1953 онд Чехословакаас анхны Элчин сайд Улаанбаатарт ирж байсан тухай ярилцлагын эхэнд дурдсан даа. Энэ хүн бол Монголд ирсэн гадаадын дөрөв дэх Элчин сайд байж. Тийм учраас одоо ч Чехийн Элчин сайдын яамны дипломат машины дугаар 04 байдаг. Тухайн үед байсан Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн хүрээнд манай хоёр орны гол хамтын ажиллагаагууд өрнөсөн байгаа юм. Энэ нь маш олон салбарын хамтын ажиллагааны хаалгыг нээсэн. Тухайлбал, Чехийн талаар геологийн ангиуд Монголд ирж ажиллаж байгаль, геологийн маш олон судалгаа хийж, дээж цуглуулсан байдаг. Хамтарсан археологийн судалгаанууд хийгдэж байлаа. Тэр үеэр авсан гэрэл зургууд маш их байгаа. 1950 оны сүүлч, 1960-аад оноос монголчууд олноороо Чехийг зорьж сурдаг болсон. Энэ бол соёлын харилцааны хамгийн гол цөм нь байсан. Улмаар Чехийн Карлын их сургууль дээр Монгол судлал хөгжсөн. Одоо ч тус сургууль монгол хэл, монгол судлалын ангиа авч яваа, олон монгол судлаачийг бэлтгэдэг. Чех хэдий жижиг ч монгол судлал нь дэлхийд эхний 10-т ордог юм шүү дээ. Тийм болохоор Монгол, Чехийн соёлын харилцаа олон жилийн түүхтэй, цаашид ч баяжиж өргөжинө гэж бодож байна.
Чехэд одоо 12 мянга гаруй монголчууд ажиллаж, сурч амьдарч байна. Европ тив дэх хамгийн олон монголчууд амьдардаг улс, дэлхийн хамгийг олон монголчууд амьдардаг 3 дахь орон Чех болсон. Хэдийгээр манай хоёр орон газар зүйн хувьд маш их хол ч ийм баялаг харилцааны түүхтэй.
-Танай музейд Монголын холбогдолтой 2500 гаруй үзмэр байгаа гэж Та хэллээ. Энэ талаараа дэлгэрүүлж яриач. Мэдээж олон сонирхолтой түүх байгаа байх...
-Дээр дурдсан Ханс Лидирийн цуглуулгаас үлдсэн дөрвөн зураг, хэдэн шавар баримал нь манай Напрстек музейд байдаг. Манай хамгийн үнэт өвүүдэд тооцогдоно.
Чехийн Үндэсний музейн хөгжмийн музейд 1947 оны Монгол дууны нэг пянз хадгалагдаж байгаа. Тухайн онд Прагад болсон Дэлхийн залуучууд, оюутны их наадамд оролцсон монголчуудаас өгсөн пянз гэсэн үг. Тэр агуулгаараа уг пянз бол Монголын урлагийн түүхийг зөвхөн харуулж байгаа биш, тэр үед буюу дипломат харилцаа тогтоохоос ч өмнө Чех, Монгол харилцаа холбоотой байжээ гэдгийг бас давхар харуулж байгаа юм.
Мөн 1950-иад онд Чех, Монгол судлалын гол хүмүүсийн нэг Лумир Ийсл (Lumir Jisl) Монголд ирж, археологийн судалгаа хийж, олон сонирхолтой гэрэл зургууд авсан байдаг. Напрстек музейд түүний гэр бүл нь Монголтой холбоотой олон эд зүйлийг нь өгсөн. Тэрэн дотор малчдын хэрэглэдэг өдөр тутмын хэрэглэлүүд, газар тариаланд холбогдох эд зүйлс зэрэг олон сонирхолтой үзмэр байгаа.
Чехийн хэл шинжлэлч Павел Поуха (Pavel Poucha) 1950-иад онд Монголд аялж, монгол хувцас, өдөр тутмын хэрэглээний зүйлүүд, шашны эд зүйлс, хувцас, монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл цуглуулсан байсныг түүний гэр бүлээс 2004 онд Напрстек музейд шилжүүлэн өгсөн. Ойролцоогоор 150 орчим үзмэр бий. Энэ хүний цуглуулгууд манай музейн үзмэрүүдийг баяжуулж өгсөн гэж болно. 1954 онд Доминик Татарка (Dominik Tatarka) гэж тухайн үеийн Чеословакийн алдартай зохиолч Монголд ирж, монгол эмэгтэй бөө буюу удганы иж бүрэн тоногтой хувцас Чех рүү аваачсан байдаг. Одоо манай музейд хадгалагдаж байгаа хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэгд энэхүү удганы хувцас ордог.
Эдгээрийн дараа Чехээс Монголд ажиллаж байсан хүмүүсээс авч цуглуулсан үзмэрүүд манай музейн гол баялагт ордог. Ихэнх нь шашны холбогдолтой, цан, хэнгэрэг, хонх, аяга, гүц, домбо, цөгц, буддын шашны бурхануудын баримал, сүмүүдийн барилгын чимэглэл гэх мэт. Бид эдгээр үзмэрүүдийг цуглуулаад хадгалчихсан юм биш, цуглуулгаа хүмүүст дэлгэн үзүүлдэг. 2020 онд л гэхэд хоёр удаа үзэсгэлэн зохион байгуулсан юм.
Чехийн Үндэсний музейн Напрстекийн музейн сан хөмрөгт буй Монголоос аваачсан цамын баг