Коста-Рикагийн Ерөнхийлөгч онц байдал тогтоох зарлиг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-27 17:34:01

САН-ХОСЕ. /CNN/. Коста-Рикагийн Ерөнхийлөгч тус улсаар дамжин АНУ-ыг зорьж буй цагаачдын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан онц байдал тогтоох зарлиг гаргажээ.


Ерөнхийлөгч Родриго Чавес мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "цагаачид үндсэндээ АНУ-д очих гэж Коста-Рикагаар дайран өнгөрч байна" гэж мэдэгджээ. Венесуэл, Эквадор, Хятад, Колумб, Гаити, Йемен, Бангладеш зэрэг дэлхийн өнцөг булан бүрийн цагаачид тус улсаар дамжин өнгөрч буйг тэрбээр дурдсан байна.


Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын /IOM/ мэдээллээр, наймдугаар сард 84 490 хүн Коста-Рикагийн өмнөд хилээр нэвтэрсэн нь өмнөх сарынхаас 55 хувиар өссөн тоо юм.


Өнгөрсөн наймдугаар сард Чавес АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа цагаачлал болонн бусад асуудлаар ярилцжээ.


Коста-Рика бол аюулгүй зорчих” зөвшөөрөл өгөх төвүүд шинээр нээгдэх орнуудын нэг болой. Энэ нь Байдены засаг захиргаа олон улсын байгууллагуудтай хамтран АНУ-д хууль ёсоор цагаачлах хүсэлт гаргах цагаачдын өргөдлийг хүлээн авч хянах төвүүдийг байгуулах шинэ санаачилга бөгөөд АНУ-ын хил рүү бөөн бөөнөөрөө эрсдэлтэй аялал хийхээс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ юм. Эдгээр төвөөс зөвшөөрөл авсан цагаачид бусад улс орнуудаар дамжин чөлөөтэй зорчих эрхтэй болно.


Наймдугаар сарын 28-ны байдлаар Колумб, Коста Рика, Гватемал улс дахь төвүүдэд 38 мянга гаруй иргэн хандаж  аюулгүй зорчих зөвшөөрөл" авахаар бүртгүүлсэн гэж Цагаан ордны албаны хүн мэдээллээ.



Холбоотой мэдээ