Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 51.7 хувь нь урамшуулал авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан байна хэмээн тус яамнаас мэдээлэв.
Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагч хамрагджээ.
Багшийн гүйцэтгэлийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий 6 шалгуураар хэмждэг.
Эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байв. Энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ЕБС-ийн багш нарын 51.7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч байна. Эдгээр багшийн урамшуулал ирэх төсвийн жилээс 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.
Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд нийт багш нарын 50.6 хувь, нийт цэцэрлэгийн 41.4 хувь нь урамшуулалд хамрагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээгээр сургуулиудын 47 хувь нь урамшуулалд хамрагдана.
Энэ хүрээнд багш нарт олгож байгаа цалингийн зардлын гүйцэтгэлийг сүүлийн гурван жилийн зөвхөн 9 дүгээр сараар жишээлж үзэхэд өссөн дүр зураг харагдаж байна.
2021 оны 9 дүгээр сард ЕБС-ийн багш нарын цалин урамшуулалд 45.9 тэрбум төгрөг, 2022 оны 9 сард 69.1 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 95.6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.
Цэцэрлэгийн багш нарын цалинд 2021 оны 9 дүгээр сард 24.3 тэрбум төгрөг, 2022 оны 9 дүгээр сард 35.2 тэрбум төгрөг олгож байсан бол энэ оны 9 сард 60.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгожээ.