Азийн наадмыг Хятадын баг тамирчид хошуучилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-09-25 16:09:52

ХАНЖӨҮ. /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Ханжөү хотноо болж буй Азийн XIX наадмын медалийн чансааг Хятадын баг тамирчид 20 алт, долоон мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж байна. 


Харин Өмнөд Солонгос таван алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байгаа бол Японы тамирчид хоёр алт, долоон мөнгө, таван хүрэл медальтайгаар гуравдугаарт бичигдэж байна.


Эдгээр улсын араас Хонконг, Узбекистан, Тайвань, Энэтхэг, Индонез, Монгол, Ираны баг тамирчид эхний 10 байрт жагсаж байна. Монголын баг тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медалийг хүртээд байна.


“Ханжөү-2022” Азийн наадам есдүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Азийн 45 улс орон, нутаг дэвсгэрийн 12 мянга гаруй тамирчин спортын 40 төрөлд 481 багц медалийн төлөө өрсөлдөнө. Мөн наадмын үеэр байт харваа, теннис зэрэг спортын есөн төрөлд Парисын Олимпын эрх олгох юм.



Холбоотой мэдээ