БНХАУ-ын ноолуурын 65 хувийг хангагч Чинхэйн үйлдвэрүүдтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-25 10:57:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ноос, ноолуурын холбоо БНХАУ-ын Хүнс, байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхим (CFNA)-тай 2014 оноос хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд саяхан БНХАУ-ын Хэбэй мужийн Чинхэ хотноо зохион байгуулсан Xinhua олон улсын ноолуурын урлагийн үзэсгэлэнгийн үеэр Монгол-Хятадын ноолуурын хамтарсан хурал болж хоёр орны ноолуурын салбарын өнөөгийн хөгжлийн хандлагын талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Хятадын талаас тус улсын “Ноолуурын нийслэл" гэж нэрлэгддэг Чинхэ хотод жилдээ 6500 тонн ноолуур боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талаар танилцууллаа. Тухайн муж, хот нь БНХАУ-ын ноолуурын 65 хувь, дэлхийн зах зээлийн 40 хувийг хангадаг байна. 2022 оны байдлаар Хятадын ноолуурын салбарт 70.000 хүн ажиллаж, аж үйлдвэрийн орлого нь 37 тэрбум юань, жилийн өсөлт 16.5 хувьд хүрчээ.


Монгол ноолуурын салбарын төлөөлөгчид Weilisi, Hao-Li, Zhaoyou, Yutong, M'oro болон C2M ухаалаг сүлжмэлийн үйлдвэрүүдээр зочилж тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн талаар туршлага судлав. Мөн 1994 оноос уламжлал болон зохион байгуулж байгаа ноолуурын Qinghe үзэсгэлэн худалдаа, загварын шоуг үзэж сонирхлоо.


Түүнчлэн манай улсын ноолуурын салбарын үйлдвэрлэгч нар АНУ-ын Нью Йорк хотод болсон “Fashion Coterie” үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Үзэсгэлэнд оролцсон “Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Сноу Филдс” компаниудын төлөөллийг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаяр хүлээн авч уулзан, гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх асуудлаар АНУ-ын сенатаар хэлэлцэж GSP-н хөнгөлөлтөд ноолуурыг оруулж ирэх 5 жилд татваргүйгээр гаргах боломжийг бүрдүүлж буй талаар танилцуулллаа.


Тэрбээр, Америкийн зах зээлд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох, сурталчлах, хөнгөлөлттэй зээл авахад ЭСЯ-наас холбогдох байгууллагуудтай холбох тал дээр хамтран ажиллахад бүрэн боломжтойг илэрхийлэв.

МХШ /Монголын ХААН ширхэгт/ чанарын гэрчлэх тэмдэг, Монголын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийг Америкийн зах зээлд таниулан сурталчлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр манай улсын ноолуурын компаниуд “Fashion Coterie үзэсгэлэнд 10 дахь жилдээ оролцож байна.

“Fashion Coterie” нь хувцас загвар, гоёл чимэглэлийн дээд зэрэглэлийн үзэсгэлэнд тооцогддог бөгөөд 95 орны 13,000 борлуулагч, худалдан авагчид болон 1,200 гаруй брэнд оролцдогоороо онцлог юм.

Холбоотой мэдээ