130 орчим үйлдвэрлэл эрхлэгчид 50,2 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-19 14:44:20

Сүхбаатар хөгжил-2016 зах зээлийн өдөрлөг хоёр өдрийн турш амжилттай болж өнгөрлөө. Нийт 12 сумын 130 орчим иргэн, ААН, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид оролцож 50,2 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Оролцогчдыг 8 номинациар шалгаруулж, дүнг гаргасан бөгөөд Орон нутгийн шилдэг /брэнд/ бүтээгдэхүүнээр Баруун-урт сумын “Оранж бейкери” цехийн бялуу шалгарлаа. Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүнээр Мөнххаан сумын иргэн Оюунцэцэг, Халзан сумын иргэн Ц.Эрдэнэтуяа нарын боловсруулсан цагаан идээ, Шилдэг гурилан бүтээгдэхүүнээр Баруун-Урт сумын “Хийморьт агшуун”, “Дарьт шүтээн” ХХК эхний байранд шалгарсан байна.

Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн төрөлд Асгат сумын иргэн Цэцэгмаа оёмол бүтээгдэхүүн, Баруун-Урт сумын иргэн В.Баяртуяа шүрэн эдлэлээр, Шилдэг өрхийн үйлдвэрлэгч төрөлд Уулбаян сумын иргэн Ч.Батбаяр хүнсний ногоо, Түвшинширээ сумын иргэн А.Энхбат гар урлалын бүтээгдэхүүнээр шагналт байранд тус тус орлоо. Уулбаян сумын тариаланч Цэгмид, Мөнххаан сумын тариаланч Б.Оюунгэрэл нар Шилдэг хүнсний ногоо төрөлд тэргүүлж, Асгат сумын “Өлзийт цагаан овоо” хоршоо Шилдэг хоршоо боллоо.

Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр Түмэнцогт сумын “Хар ямаат цай”, Баруун-Урт сумын “Сүхбаатар хүнс” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн тус бүр шилдгээр шалгарлаа.

“Сүхбаатар хөгжил” зах зээлийн өдөрлөг нь орон нутгийн малчид, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн экологийн цэвэр, хямд бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжийг иргэдэд олгохоос гадна үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийг сурталчилсан чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Цаашид ”Сүхбаатар хөгжил” зах зээлийн өдөрлөгийг өргөн хүрээнд зохион байгуулж, Зүүн бүс болон хөрш орнуудын хамтын ажиллагааг өрнүүлэх эдийн засаг, худалдааны гол үйл ажиллагаа болгон хөгжүүлэхэд анхааран ажиллана хэмээн аймгийн засаг дарга З.Энхтөр онцоллоо.

Нэгдсэн дүнгээр Асгат сум багаараа тэргүүн байр эзэлж, Гранппри шагналын эзэн болсон бол Мөнххаан, Баруун-Урт сум удаалсан байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ