Автомашингүй өдрөөр “Халамжаас хөдөлмөрт” өдөрлөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-09-23 17:33:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автомашингүй өдрөөр нийслэлийн төрийн зарим байгууллага болон ААН Д.Сүхбаатарын талбайд иргэдэд үйлчилж, соёл урлаг, спортын өдөрлөг зохион байгуулж үйл ажиллагаагаа сурталчлав.

Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар “Халамжаас хөдөлмөрт” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.


Өдөрлөгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, нийслэлийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, томоохон ажил олгогч 10 гаруй байгууллага, 60 орчим бичил бизнес эрхлэгч оролцов.

Өдөрлөгөөр өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч иргэдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарч, ажлын байранд бүртгэх, байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлжээ.


Мөн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр ханган, нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч, хөдөлмөр, халамжийн салбарын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, сурталчилгааг үзүүлэв. Иргэд хөдөлмөр, халамжийн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилго бүхий өдөрлөгт 700 орчим байнгын, 300 гаруй цагийн ажлын байр, 1️00 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дэлгэн танилцуулав.

Автомашингүй өдрийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 газар иргэдэд үйлчлэв.

Холбоотой мэдээ