БАЯН-ӨЛГИЙ: Сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-22 15:55:28

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар өнөөдөр сурагчдад шүүхийн үйл ажиллагааг танилцууллаа.


Уг ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны А/45 дугаар тушаалаар баталсан "Нээлттэй шүүх" өдөрлөгийн удирдамжийн дагуу зохион байгуулсан ба Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагчид оролцов.


Өдөрлөгийн үеэр сурагчдад шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж бөглүүлж, шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат шүүхийн тухай ойлголт, эрхэм зорилго, хүний эрх болон эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг эдлүүлэх талаар мэдээлэл өглөө. Шүүгчийн туслах Б.Хундыз Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авахаас эхлээд шийдвэрлэх хүртэлх ажиллагааны явцын талаар танилцуулга хийв.


Мөн сурагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч харилцан яриа өрнүүллээ.


"Нээлттэй шүүх" өдөрлөг нь хүүхдүүдэд шүүхийн үйл ажиллагаа, бодлого, зарчим, онцлогийг таниулсан, ирээдүйд шүүгч, хуульч болох хүсэлтэй хүүхдүүдэд урам зориг өгсөн ажил болсон гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

Холбоотой мэдээ