МҮХАҮТ-ын Их хуралд 1200 гаруй ААН-ийн төлөөлөл оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-20 13:08:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын 21 дүгээр Их хурал “Шангри-Ла” зочид буудалд болж байна.


Дөрвөн жилд нэг удаа болдог МҮХАҮТ-ын ээлжит Их хурал Танхимын гишүүд, Их хурлын төлөөлөгчдийг цахим бүртгэснээр 10.20 цагт эхэллээ. 


Их хурлаар МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж байна. Мөн Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, тус зөвлөлийн гишүүдийг сонгон батална. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулж, тэргүүлэх асуудлыг тодорхойлох, Танхимын үүрэг оролцоог мөн хэлэлцэх юм.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Их хурлыг нээж хэлэхдээ, “МҮХАҮТ өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг, бизнесийн гол тинк танк байгууллага болох, гишүүнчлэлийн хүрээг өргөжүүлэн ажиллалаа. Бизнесийн бодлогын өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааг хүчтэй, үр дүнтэй явуулах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог хөгжүүлэх, эдийн засгийг тэлэх, түүний дотор уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, танхимын гадаад харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэх чадавхыг сайжруулах, бизнес удирдах чадавхыг хөгжүүлэх шинэлэг сургалтуудыг шинэ шатанд гаргахад анхаарч ажилласан. Мөн бизнесийн маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахад гол асуудал болох арбитрын эрх зүйг боловсронгуй болгох, Монголын Олон улсын Арбитрын институтийн хувьд бэхжүүлэх, чадавхыг сайжруулж чадсан” хэмээн онцлов. 


Манай улсад өнгөрсөн дөрвөн жилд:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  • Зөвшөөрлийн тухай хууль,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль,
  • Төрийн ба орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг бизнестэй холбоотой олон чухал хуулийн шинэчлэл хийсэн.

МҮХАҮТ дээрх хуулиудын ажлын багт орж ажиллах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, санал хүргүүлэх зэргээр хуулийн төслүүдэд бизнес эрхлэгчдийн төлөөлөн саналуудыг тусгуулан ажиллуулжээ 

Их хурлаар үдээс хойш МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батална. Бизнесийн, хувийн хэвшлийн хамгийн том нэгдэл МҮХАҮТ нь сайн дурын үндсэн гишүүнчлэлтэй, 5900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй, өөрийн хуультай, өөрөө удирдах ёсны байгууллага юм.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани төлөөллийн хүсэлтээ хүлээлгэн өгчээ. Их хуралд 1200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож буйг мэдээллээ. 


Холбоотой мэдээ