Марин Ле Пен 2027 оны сонгуульд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-19 15:50:02

ПАРИС. /ТАSS/.  Францын Үндэсний нэгдэл” намын парламент дахь бүлгийн дарга Марин Ле Пен 2027 онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байна.


Энэ тухай тэрбээр даваа гарагт телевизийн “TF1 сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


2022 оны сонгуулийн өмнөхөн намын дарга Ле Пенийн албан тушаалыг авсан Үндэсний нэгдлийн залуу удирдагч Жордан Барделлад байр сууриа тавьж өгөх  эсэх тухайд телевизийн хөтлөгч асуухад тэрбээр "Үгүй" гэж хариулав. “Би бол Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа уламжлал ёсоор нэр дэвшдэг хүн. Одоогийн байдлаар би өөр шийдвэр гаргаагүй байгаа” гэж Ле Пен хэлжээ.


2022 онд Ле Пен ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд шалгарч, хоёр дахь удаагаа нэр дэвшсэн одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макронд  (41.45/ 58.55 хувийн саналаар)  ялагдсан юм. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд Ле Пен “Үндэсний нэгдэл”  намын даргын албан тушаалаасаа татгалзсанаар сонгуулийн кампанит ажлын үеэр Барделла тус намыг тэргүүлж байжээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр "хэрэв бүтэлгүйтвэл ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхгүй"  гэж мэдэгдэж байв. Сонгуульд ялагдсаныхаа дараа Ле Пен Францын Үндэсний ассамблей (парламентын доод танхим) дахь намын бүлгийг тэргүүлж, намын даргын албан тушаалд эргэж ороогүй юм.


Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат 2027 оны дөрөвдүгээр сард болно. Сонгуулийн товыг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Эммануэл Макроны бүрэн эрхийн хугацаа 2027 оны тавдугаар сарын 13-нд дуусахаас 20-35 хоногийн өмнө болох ёстой.


Хэрэв эхний шатанд төрийн тэргүүнд нэр дэвшигчдээс хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч  хоёр дахь шатны санал хураалтад оролцоно. Э.Макрон хоёр удаа дараалан ерөнхийлөгчөөр сонгогдсон тул дараагийн сонгуульд нэр дэвшихгүй.


Холбоотой мэдээ