ДАРХАН-УУЛ: 4.1 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-19 12:38:25

Дархан /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт зургаадугаар сарын сүүлч, долоодугаар сарын эхээр орсон их хэмжээний хур тунадасны улмаас 80 иргэний 287.9 га талбайд тариалсан төмс, хүнсний ногоо үерийн усанд өртсөн юм.




Мөн долоодугаар сарын 27-ны өдөр найман минут үргэлжлэн орсон 13-26 мм буюу 1.3-2.6 см голчтой мөндрийн улмаас Хонгор сумын үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 13 аж ахуйн нэгж, иргэний 2256 га талбай мөндөрт цохигдон эргэж сэргэх боломжгүй болжээ.




Мөндөр болон үер, усны гамшигт нэрвэгдсэн тариаланчдын хохирлыг тогтоох, нөхцөл байдлын дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийг сумдын Засаг даргын захирамжаар томилогдон ажилласан аж.


Учирсан хохирлын хэмжээг тогтооход төмс, хүнсний ногооны талбайд 1.2 тэрбум, үр тарианы талбайд 2.9 тэрбум төгрөгийн нийт 4.1 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.




Ажлын багийн дүгнэлт болон холбогдох тайланг ХХААХҮЯ, Улсын онцгой комисст албан тоотоор хүргүүлсэн аж.

Холбоотой мэдээ