БАЯН-ӨЛГИЙ: "Нурберген" хоршоо сард 2000 ширхэг эдийн саван үйлдвэрлэж байна.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-18 17:02:15

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын "Нурберген" хоршоо өнөөдөр Өлгий хотын төв талбайд болсон "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-2023" үзэсгэлэнд өөрсдийн үйлдвэрлэсэн эдийн савангаа танилцууллаа.


Тус хоршоо нь 2022 оноос эдийн саван үйлдвэрлэж зах зээлд борлуулж эхэлжээ. Савангийн үндсэн түүхий эдээр орон нутгийн хонь, ямааны өөх тосыг ашигладаг ба шүлт, сод зэрэг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нь Улаанбаатар хотоос татан авч байгаа аж.


"Манай хоршоо Сум хөгжүүлэх сангаас 6 сая төгрөгийн санхүүжилт авч саван үйлдвэрлэж эхэлсэн. Одоогийн байдлаар сард 2000 ширхэг саван үйлдвэрлэж, орон нутгийн зах зээлд борлуулдаг. Нутгийн иргэд сайн хүлээн авч байгаа. Гадаадын жуулчид ч худалдаж авдаг. Аймгийн төвийн зах, дэлгүүрүүдэд бөөний үнээр нийлүүлж, бусад төрлийн бараагаар ч сольдог. Борлуулалт тогтмолжсон, одоогоор 1-2 хүнийг ажлын байраар хангаж байна" хэмээн тус хоршооны захирал М.Төкен хэлэв.


"Нурберген" хоршоо саван үйлдвэрлэхэд гар ажиллагаатай энгийн багаж хэрэгслүүдийг ашиглаж байгаа. Харин орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлбэл БНХАУ-аас 20 орчим сая төгрөгөөр бага оврын үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх бүрэн боломжтой ажээ. 

Холбоотой мэдээ