БАЯН-ӨЛГИЙ: Үндэсний номын санд хадгалагдаж буй бичиг соёлын дурсгалуудыг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-11 17:17:50

Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яамнаас орон даяар өрнүүлж буй “Соёлын сэргэлт 2023” аяны нээлтийн үйл ажиллагааг Үндэсний номын сан, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газар хамтран өнөөдөр Өлгий хотын төв талбайд зохион байгууллаа.


Энэ үеэр “Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газрын хадны зургууд” үзэсгэлэн, “Нүүдэлчдийн намар” уран зургийн үзэсгэлэн, "Соёлын бүтээлч үйлдвэрлэл” гар урлаачдын үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэв.   


Мөн Үндэсний номын санд хадгалагдаж дурсгалуудаас “Үндэсний бичиг соёлын өв” үзэсгэлэнг дэлгэсэн нь орон нутгийн иргэдийн анхаарлыг татав. Тус үзэсгэлэнд модон барын хамгийн том ном "Жадамба" судар, "Мэргэд гарахын орон" төвд-монгол толь бичгийн модон бар, "Бөртэ чоно, Хоо Маралаас эхэлсэн угийн бичиг", "Асрагч эхийн түүх", "Халхын дөрвөн аймгийн засаг ноёдын угийн бичиг", "Мөнгөн Сандуйн жүд", "Жалзэтэмбан Ганжуур", "Есөн эрдэнийн Жадамба", "Эрдэнийн товч" зэрэг бүтээлүүдийн танилцуулгыг тавьжээ.


"Монгол Улсын Үндэсний номын сан нь үндэсний бичиг үсгийг хадгалдаг, олон улсын болон дэлхийн соёлын өвд бүртгүүлдэг байгууллага. Манай номын санд нэг сая гаруй эртний дурсгалт ном, судрууд байгаа. Хэлбэрийн хувьд чулуу, хөшөөн дээр сийлсэн, муутуу цаас, хар цаасан дээр бичсэн, алт, мөнгөөр бичсэн гээд янз бүр байдаг. Эдгээр бүтээлүүдээс түүвэрлэн орон нутгийн иргэдэд танилцуулж байгаа. Энэ удаад нийтдээ 50 бүтээлээр үзэсгэлэн гаргасан" хэмээн Үндэсний номын сангийн ерөнхий номын санч Т.Баярлах хэлэв.  


“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагааг энэ сарын 12-15-ны өдрүүдэд тус аймгийн 12 сум, 1 тосгонд үргэлжлүүлэн зохион байгуулах ба Өлгий хотод гаргасан үзэсгэлэнгүүдийг хөдөө сумдын иргэдэд мөн танилцуулах ажээ.  







Холбоотой мэдээ