ДАРХАН-УУЛ: Алимны мод тарьж, ургуулах аргачлалд суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-12 12:18:34

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн ажил олгогч эздийн холбооноос өрхийн аж ахуй, жимс жимсгэнэ тариалагч иргэдэд зориулан онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа. “Булган голын алим” ХХК-ийн захирал, тэргүүний тариаланч Х.Балжинням алим тарих аргачлалыг 180 гаруй хүнд зааж, 15 жил алимын мод үржүүлж, алим тарьж ургуулсан туршлагаасаа хуваалцлаа.




Дархан-Уул аймгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласантай холбогдуулан жимс, жимсгэнийн мод тариалагч, хүнсний ногоо тарих иргэд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Энэ ч утгаараа дотоодын төмс, хүнсний ногооны нийт хэрэгцээний 25 гаруй хувийг дангаараа хангаж байна. Иргэд бүлэг, хоршоо болон том талбай болон өөрийн өмчлөлийн хашаанд төрөл бүрийн жимсний мод тарьж ургуулан үр шимийг нь хүртэж байна.




Тэдгээр иргэдийн мэдлэгт нэмэр болох, цаашид алим тарих аргад суралцахыг түлхүү хөндөж дээрх сургалтыг зохион байгуулсан аж.

Нэг өрх айл алимын 100 мод тарихад таван жилийн дараа бүрэн жимсээ өгч эхэлдэг аж. Тухайлбал нэг модноос дунджаар 40 кг алим хураан авч зах зээлд нийлүүлж тэр хэмжээгээр өрхийн амьжиргаа дээшилдэг гэж Х.Балжинням гуай онцолж байна. Ингэж өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр эдийн засгийн хувьд ч, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ч ихээхэн ач холбогдолтой аж.




Өргөн агуулгаараа эх орны хөрсөнд тарьж, ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн нь эрүүл Монгол хүний төлөө өрхийн үйлдвэрлэгчид, ААН-үүдийн хийж хэрэгжүүлж болох хамгийн үр ашигтай ажил юм.

Монгол орны байгаль, цаг агаарын онцлог нь алим жимс тарьж ургуулахад нэн тохиромжтой бөгөөд 10 сая алимын мод тарьж ургуулахад л дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой ажээ.




Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хүнсний хувьсгалын бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд иргэд, ААНБ-д ийнхүү өөрсдийн хувь нэмрийг оруулж, тэднийг арга зүй, онолоор дэмжин ажиллаж буйд аймгийн ажил олгогч эздийн холбоонд жимс, жимсгэнэ тариалагчид талархлаа илэрхийлж байлаа.

Холбоотой мэдээ