АРХАНГАЙ: “Энхийн элч-2023” олон улсын хамтарсан эмнэлэг, барилга инженерийн хүмүүнлэгийн сургууль болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-08-29 10:40:00

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын командлалын Агаарын цэргийн хүчин хамтран “Энхийн элч-2023” олон улсын хамтарсан эмнэлэг, барилга инженерийн хүмүүнлэгийн сургуулийг Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир, Цэнхэр, Жаргалант сумдад энэ сарын 20-26-нд хийлээ.


Тус сургуулийн хүрээнд Батцэнгэл, Ихтамир сумын 2000 орчим иргэдэд Монгол, АНУ, Непал, Таиланд Улсын эмч, эмнэлгийн ажилтнууд нүд, шүд, дотор, зүрх-судас, хүүхэд, сэргээн засах чиглэлээр эрүүл мэндийн үзлэгийг үнэ төлбөргүй үзүүллээ. 


Барилга-Инженерийн засварын ажлын хүрээнд Монгол, АНУ, Австрали Улсын инженерүүд хамтран Жаргалант сумын ЗДТГ-ын байр, ахмадын төв, бага сургуулийн сагсан бөмбөгийн талбайн засвар, сургуулийн дээврийн засвар, Цэнхэр сумын Хүн эмнэлгийн хаалга, цонх, шал сантехникийн болон цахилгааны засварын ажлыг хийж дуусчээ.


Энэхүү хамтарсан сургуульд гадаадын 61, Монгол Улсаас 40 цэргийн алба хаагч оролцсон байна.


Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь Америкийн Нэгдсэн Улсын командлалын Агаарын цэргийн хүчний хамтарсан “Энхийн элч-2023” олон улсын эмнэлэг, барилга-инженерийн хүмүүнлэгийн дөрөв дэх сургуулийн хаалтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар оролцож, хүмүүнлэгийн ажил өрнүүлсэн бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүслээ. 

Холбоотой мэдээ