БАЯН-ӨЛГИЙ: Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх 45 хоногийн аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-24 16:53:03

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 453 дугаар захирамжаар тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх аяныг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаагаар өрнүүлж байна.


Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тус аймгийн хэмжээнд тарваган тахал өвчин гарах эрсдэл өндөр байгаа тул иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх ажлыг зохион байгуулж байгаа аж.


Аяны хугацаанд улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бус ан агнууртай тэмцэх хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, хяналт шалгалт хийж байна. Мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газраас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж байгаа.


Харин сумууд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, тарваганы мах, эд эрхтэн, түүхийн эдийн худалдаа, хэрэглээ, тээвэрлэлтийг таслан зогсоох хөдөлгөөнт болон байнгын эргүүл ажиллуулж эхэлсэн.  

 

Аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд хамтран Өлгий хот руу орж, гарах замуудад байнгын 1, хөдөлгөөнт 3 хяналт шалгалтын цэгийг 24 цагаар ажиллуулж байна. 

Холбоотой мэдээ