ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн хэмжээнд 649 өвлөн уламжлагч бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-08-21 15:58:30

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 649 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 609 нь соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд, 40 нь яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байна.


Говь-Алтай аймаг нь бүс нутгийн онцлог хэв шинжийг даган орших дараах онцлог соёлын биет бус өвийн олон төрөл зүйлтэй. Үүнд, уламжлалт анагаах ухааны төрөлд багтах хүний нүдний цагаан уналтыг дом шившлэгийн аргаар эмчлэх, ан агнуурт багтах үнэг, чоныг онцгой дуу авиагаар дуудах, аян жин тээх тэмээний хэрэгсэл хом, бамбай, хонх хийх, уран сийлбэр урлал зэрэг онцлог соёлын биет бус өвийн зүйлүүд багтдаг тухай холбогдох албанаас мэдээлэв.


Мөн ураг удмынханд байсан найрын цэгийн дуу буюу жаргаа дуу болох “Номын хаан” (Зонхов) дуу, торгуудын дунд дэлгэрсэн “эхийн цагаан сүүний дуу” хэмээн бэлгэшээдэг “Цагаан цоохор морь” дуу, амьтны чөмгөн хөөрөг, тарваганы шагайн ховлого, суль, сульхарын гурил, Алтайн ажийн бор ааруул, халтар арвайн гурил, элсэн эмчилгээ зэрэг нутгийн брэнд онцлогтой. 


"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газрын дарга С.Цагаанбаатар соёлын өв тээгчидтэйгээ өргөн бүрэлдэхүүнтэй оролцож Алтай нутгаа сурталчлан таниулсан юм.

Холбоотой мэдээ