Казүюки Окада: Манай нийгэмлэг Монголын уран зохиолын дээжээс япончуудад хүргэж ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2023-08-15 12:21:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын түүхийн эх зохиол "Монголын нууц товчоо”-г япон хэлнээ анх 1903 онд хөрвүүлж байсан түүхтэй аж. Энэ талаар манай улсад болж буй “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөөдөр” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр өнөөдөр хөндлөө. 


Энэ талаар бид Японы Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн профессор, Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн ерөнхийлөгч Казүюки Окадагаас тодруулсан юм. Тэрбээр Монголын орчин үеийн буюу 1920-1930-аад оны үеийн уран зохиолыг дагнан судалж иржээ. Тэр дотроо их зохиолч Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийг судалжээ.


Ташрамд дурдахад, “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөөдөр” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй бөгөөд тус нийгэмлэгийн энэ оны ээлжит Улаанбаатарын хурал мөн болж байгаа юм.


-Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн талаар товч танилцуулна уу? 

-Манай нийгэмлэг 1972 онд байгуулагдаж байсан. Энэ он бол хуучнаар БНМАУ буюу Монгол болон Японы улсын хооронд дипломат харилцаа тогтоож байсан үе юм. Одоо 50 жилийн ой болох гэж байна. Манай нийгэмлэг утга зохиолын судлал, мөн Монголын уран зохиолыг япон хэлээр орчуулж гаргах зорилготой үйл ажиллагаа явуулдаг.


Казүюки Окада: Бид Монголын уран зохиолын дээжээс япончуудад хүргэж ирсэн. Бидний дараагийн залуучууд мөн гарч ирж Монголын орчин цагийн бүтээлүүдийг хүргэх гэж байгаад таатай байдаг.


Жилд хоёр удаа буюу хавар, намар гишүүдийн дунд дээрх үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж хийдэг. Орчуулгын талаарх бага хурлыг мөн хийж ирсэн. Бас жилд нэг удаа нэг сэдвээр ном товхимол хэвлүүлж байдаг.


-Нийгэмлэгийн бүрэлдэхүүнийг танилцуулна уу?

-Манай нийгэмлэг том биш, 20-иод хүнтэй. Гишүүн биш ч гэсэн Монголын уран зохиолыг судалж буй олон япон хүн байгаа.

 

-Япончууд “Монголын нууц товчоо”-г аль тэртээ XX зууны эхэнд хөрвүүлж байсан гэж сонссон. Энэ талаар та мөн тодруулна уу?

-Энэ талаар монголчууд ер нь мэдэх байх. 1903 онд Японы дорно дахины түүх судлаач, эрдэмтэн Накамичу “Монголын нууц товчоо”-г япон хэлнээ хөрвүүлж байсан түүхтэй. Гэхдээ яг монгол эх сурвалжаас бус, хятад орчуулгыг үндэслэн орчуулсан юм. Мөн 1940-өөд оны үед бас орчуулагдаж байсан. Яг эрдэм шинжилгээний үндэстэй орчуулгыг 1980-аад оноос манай Токиогийн Гадаад судлалын их сургуулийн профессор Озава хийсэн. Энэ нь 6 боть бүхий, судалгааны дэлгэрэнгүй орчуулга болж хэвлэгдсэн.


-Танай нийгэмлэгийн шугамаар Монголын уран зохиолын хэн хэн гэдэг зохиолчдын ямар бүтээлүүд орчуулагдаж байв?

-Д.Нацагдорж, Б.Ринчен, Дамдинсүрэн гээд Монголын нэрт зохиолчид болон яруу найрагчдын бүтээлүүдийг гаргаж Монголын уран зохиолын дээжийг япончуудад хүргэж ирсэн. Харин Монголын сүүлийн үеийн зохиолч, яруу найрагчдын бүтээлийн хувьд цөөхөн байгаа. Гэхдээ Монголын орчин цагийн бүтээлийг судлаж байгаа манай залуу судлаач нар их гарч ирж байгаа. Бид Монголын уран зохиолын дээжийг япончуудад хүргэж ирсэн бол бидний дараагийн залуучууд Монголын орчин цагийн зохиолч, яриуу найрагчдын бүтээлүүдийг хүргэх гэж байгаад таатай байдаг.


-Манай улсын хэл бичгийн шинжлэл, уран зохиолын өнөөгийн байдал, хандлагатай та хэр танилцав. Энэ талаар таны санал, байр суурийг тодруулья?

-Энэ бол нэг үгээр хэлэхэд хэцүү асуудал байна. Гэхдээ социализмын үеийг бодоход Монголын уран зохиолд янз бүрийн урсгал хөгжиж ирлээ. Тэр хэрээр олон талын баримттай бичиж байна. Ер нь бол их эрх чөлөөтэй болж хөгжиж байна гэв.


“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөөдөр” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын их бичгийн хүмүүн, соён гэгээрүүлэгч В.Инжиннашийн мэндэлсний 185 жилийн ойд зориулан зохион байгуулж байна. Дээрх хурлын хүрээнд Япон дахь Монголын уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал, “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” форум мөн болж буй юм.   


Дээрх хурлуудад Монгол Улсаас гадна Япон, БНХАУ, ОХУ, Франц, Чех улсын 70 гаруй эрдэмтэн судлаач оролцож, судалгаа шинжилгээний үр дүн, туурвил бүтээлээ танилцуулж хэлэлцүүлж байна. 


Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ