Үерт өртсөн өрхөд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-11 13:43:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн удирдлагууд уруйн үерт өртсөн айлуудын хохирлыг нэг бүрчлэн бүрэн барагдуулах боломжгүй ч нэг өрхөд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.


Ажлын хэсэг айл бүрээр орж, нөхцөл байдлын мэдээлэл авахад 360 айл ямар нэгэн байдлаар өртсөнөөс 47 нь орон гэргүй болжээ. Тэдэнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүнс, хувцасны хандивыг хүргэн, 127 дугаар сургуульд 150 хүн байрлах түр байранд 189 иргэн байрласан бөгөөд хоол, хүнс, хувцас, шаардлагатай зүйлээр үйлчилжээ. Үерт өртсөн айлуудаас газрын зөвшөөрөлгүй 46 өрх байгааг Богдын даваа орчимд байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлж байгаа аж.


Дүүргийн ЗДТГ-ын хандивын дансанд 28.7 сая төгрөг цуглараад байна. НИТХ-аар үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг баталсан. Иймд үерийн эрсдэлтэй бүс, гуу жалга, голын ай сав, хамгаалалттай бүсэд буусан айлууд өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалахын тулд газар зохион байгуулалтын албанд хандан, дээрх байршлаас газраа сонгох боломжтойг тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх тэмдэглээд, иргэдийг хариуцлагатай байж, үерийн аманд буухгүй байхыг хүссэн юм.

Холбоотой мэдээ