“Эрдэнэт үйлдвэр” оны эхний хагаст 19.5 сая тонн хүдэр боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-08-09 16:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчит уул уурхайн компаниудын нэгдэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг, ТУЗ-ийн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг ерөнхий захирал Г.Ёндон танилцуулав. Тэрбээр, үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, худалдан авалт, хүний нөөц, нийгмийн хариуцлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, ногоон хөгжлийн үйл ажиллагааны талаар мэдээлэв.


Мөн Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тогтоол, шийдвэрийн биелэлт, төлөвлөгөөт үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.


Эрдэнэт үйлдвэр энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтийн төлөвлөгөөг 100.0-113.9 хувиар биелүүлжээ. Онцолбол:

  • 19.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.0 хувиар,
  • 18.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.0 хувиар,
  • 302.7 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 101.6 хувиар,
  • 2.97 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 113.9 хувиар тус тус биелүүлэн ажиллажээ.


Үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөвлөгөө оны эхний хагас жилд сайн биелсэн дүнтэй байгаа хэдий ч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, төсөл хөтөлбөрийг тойрсон олон асуудал тулгамдаж буйг ерөнхий захирал Г.Ёндон тайландаа онцлон тайлбарлаж, шийдэл саналаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд уламжилсан. Тухайлбал үүнд:

  • Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэсэн зэс, молибдены баяжмалын дагалдах элементэд АМНАТ тооцож буй нь “үндэслэлгүй нэмэлт зардал” бий болгодог,
  • Мөн АМНАТ-ийн төлбөр их хэмжээний зөрүүтэй тооцогдож буй,
  • цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх,
  • үйлдвэрлэж буй эрчим хүчээ өөрийн өртгөөс бага үнээр нийлүүлж, өндөр үнээр худалдан авч буй,
  • үйлдвэрийн техникийн бодлоготой уялдуулан холбогдох техник тоног төхөөрөмж худалдан авахад гардаг хүндрэл бэрхшээл,
  • “Уурхайчин-2” хорооллын гүйцэтгэгч “Өргөө Хаан констракшн” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс орон сууцны захиалга өгсөн 319 ажилтан хохироод буй зэрэг тулгамдсан асуудлыг танилцуулж, эдгээрийг шийдэж өгөх санал, хүсэлт тавилаа.


“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлага, ТУЗ-ийн гишүүд Эрдэнэт үйлдвэрийн эхний хагас жилийн тайлан болон хүндрэл дагуулж буй тулгамдсан асуудлын талаар асууж, тодруулан, санал бодлоо солилцож, тодорхой шийдэл гаргана гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хурлын үеэр онцлов.

Холбоотой мэдээ