“Чандраян-3”-аас илгээсэн эхний зургуудыг дэлгэн үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-08-08 12:21:07

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн Сансар судлалын агентлаг өнгөрсөн бямба гарагт Сарны тойрог замд орсон “Чандраян-3” сансрын аппаратаас ирүүлсэн анхны зургуудыг дэлгэн үзүүлжээ. Сансрын аппарат ойртохын хэрээр Сарны гадаргуу дээрх тогоонууд улам томорч буй нь зургуудаас харагдана.


“Чандраян-3”-ын буугч, явагч төхөөрөмжүүдийг наймдугаар сарын 23-нд дэлхийн дагуулын гадаргуу дээр буулгахаар төлөвлөж байгаа ажээ. Төлөвлөгөө ёсоор болбол Энэтхэг нь Сарны өмнөд туйлын орчимд төхөөрөмжөө “зөөлөн буулгасан" анхны улс болоод зогсохгүй АНУ, ЗХУ, Хятадын дараа Саран дээр аппаратаа зөөлөн газардуулсан дөрөв дэх улс болно.


“Чандраян-3”-ын ажиллагаа хэвийн байгааг холбогдох хяналт туршилтын дүн харуулж байна. Эрдэмтдийн үзэж буйгаар, Сарыг судлахаар илгээсэн Энэтхэгийн гурав дахь аппарат болох “Чандраян-3” нь өмнөх төхөөрөмжүүдийн үзүүлэлтүүдийг ахиулах бололтой байна. 


“Чандраян-3”-ын нэгэн адил тойрог замын аппарат, буугч, явагч аппарат бүхий “Чандраян-2”-ыг 2019 оны долоодугаар сард хөөргөж байсан боловч зарим даалгаврыг гүйцэтгэж чадаагүй юм. Тодруулбал, тойрог замын аппарат нь өнөөдрийг хүртэл Сарыг тойрон эргэлдсээр байгаа боловч буугч, явагч аппаратууд нь зөөлөн буулт хийж чадалгүй газардах үедээ осолджээ.




Холбоотой мэдээ