Сайншанд-Ханги чиглэлд төмөр зам барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хангийн боомтыг ирээдүйд Замын-Үүдээс дутахааргүй Монголын томоохон боомт болгож хөгжүүлэх бодлогыг төрөөс баримталж байна.
Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд “УБТЗ” ХНН-ийн инженер мэргэжилтнүүд есдүгээр сарын 06-09-ний хооронд Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлж хилийн Ханги боомт хүртэл шинээр төмөр зам барих урьдчилсан чигийн судалгааны ажлыг гүйцэтгэжээ.
Судалгааны багт аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, ИТХ-ын төлөөлөгч Б.Хүдэрболд, УБТЗ-ын Замын даргын зөвлөх Н.Эрдэнэбулган, УБТЗ-ын төсөл, инновацийн хэлтсийн инженер Ц.Арслан болон бусад албаны хүмүүс оролцов.
Энэ асуудлаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн судалгааны багийнхан 2016 онд “Зүүнбаян – Хангийн чиглэлд төмөр зам байгуулах боломж, ач холбогдол” сэдэвт судалгаа хийсэн бөгөөд судалгаагаар ойрын хугацаанд хэрэгжүүлж болох тээвэр, логистикийн ач холбогдол бүхий шинэ шийдэл гэдгийг тодорхой баримтад тулгуурлаж гаргаж тавьсан аж.
Хангийн боомт нь байнгын ажиллагаатай болоод удаагүй байгаа ч зөвхөн нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг экпортолж байгаа юм.
Х.Эрдэнэбулган