Монгол Улс Open Data Inventory үзүүлэлтээр 187 орноос 9 дүгээрт жагсаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн харилцаа, холбооны салбар үүсэж хөгжсөн түүх Ардын хувьсгал ялсан 1921 оны долоодугаар сарын 11-ний өдрөөс 8 хоногийн дараа тухайн жилийн долоодугаар сарын 19-нд Ардын Засгийн газрын 6 дугаар хурлаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулснаас эхлэлтэй.
Улмаар 1944 онд БНМАУ-ын
Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Холбооны яам байгуулснаар харилцаа
холбооны салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Түүнээс хойшхи
хөгжлийн түүх гэвэл 1996 оны нэгдүгээр сарын 17-нд манай улсад анх удаа
интернэт нэвтэрснийг албан ёсоор зарлаж, интернэтийн сүлжээ бүхий Азийн анхны 10
орны нэг болж байсан аж. ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр болсон Монгол
Улсад орчин цагийн харилцаа холбооны
салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой,
Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийн ойн баяр хурал дээр энэ бүхнийг онцлон дурдлаа.
Тэрбээр, “Корпорайт
конвеншн” төвд өнөөдөр болсон салбарын ойн баярын хурлыг нээж илтгэл тавив. Илтгэлийнхээ
эхэнд, Засгийн газар, салбарын яамнаас Мэдээллийн
технологийн аж үйлдвэрлэлийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих гэж буйг мэдээллээ.
Төр, засгаас авч
хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд манай улсад мэдээллийн технологийн тусгай
бүс байгуулах гэж буйг, өөрөөр
хэлбэл Монгол Улс
өөрийн цахиурын хөндийтэй болох, мэдээллийн технологийн компаниуд өсөж бойжих, өрсөлдөн томрох таатай орчин бүтээх, олон
улсад уураг тархины олборлолтоо экспортолох эрх зүйн орчинг бүрдүүлж
буйг дуулгалаа.
2004 оноос хойшхи үе үеийн Засгийн газруудын авч
хэрэгжүүлсэн “Цахим
Монгол”, “Цахим Засаглал”, “Цахим
Засаг” зэрэг Үндэсний хөтөлбөрүүдийн үр дүнд манай улсын 331 сум, суурин газрын 325 нь шилэн кабельд холбогдож, нийт сүлжээний урт 50 мянга орчим км болжээ. Одоогийн
байдлаар 1537 байршилд 4G сүлжээний бааз станц байгуулж 2,9 сая хэрэглэгчтэй
болсон байна. Монгол Улс
өнөөдөр 4G сүлжээний хамрагдалтаар 143 орноос 46 дугаарт,
3G сүлжээнд хамрагдалтаар 144 орноос 14
дүгээр байрт жагсаж байгааг салбарын сайд мэдээллээ.
Манай улс 2020 онд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн батлан гаргаснаар нээлттэй өгөгдөл бий болгох, ашиглах хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж олон улсын Open Data Inventory үзүүлэлтээр 187 орноос 9-р байрт жагсаж байна гэв.
Тэрбээр, илтгэлийнхээ төгсгөлд, өндөр хурдаар өсөж дэвшиж байгаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын амжилт, ололт, үр шимийг улс орныхоо эдийн засгийн хөгжлийн хүчирхэг хурдасгуур, өрсөлдөх чадварыг өсгөн нэмэх арга хэрэгсэл болгох нь Та бидний хүлээх үүрэг, хүрэх зорилго, биелүүлэх даалгавар юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.