“Өмнөдийн салхи" сэдэвт өнөөгийн Вьетнамын уран зургийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-28 08:25:01
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вьетнам, Монгол хоёр орны соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Asia Art Link-тэй хамтран “ӨМНӨДИЙН САЛХИ” сэдэвт орчин цагийн Вьетнамын уран зургийн үзэсгэлэнг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.


Энэхүү үзэсгэлэнд Ха Ной, Хай Фонг, Хо Ши Минь хотод дүрслэх урлаг, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 16 зураачийн уран зураг, график урлагийн 50 орчим бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэн 2023.07.29-2023.08.02-ны хооронд Монгол Арт Галерейд зохион байгуулагдана. 


"Өмнөдийн салхи-Өнөөгийн Вьетнамын уран зураг" үзэсгэлэн нь Вьетнам дахь орчин үеийн урлагийн олон талт дүр төрхийн нэг хэсэг юм. Үзэсгэлэнгийн нэр нь Монгол анд нөхөддөө баялаг ёс заншилтай, Вьетнамын ард түмний сайхан сэтгэл шингэсэн, халуун орны бадамлянхуа цэцгийн анхилуун үнэртэй салхийг хүргэхийн зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа анд нөхөдтэйгээ нэгдэж, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтыг илэрхийлэл хэмээн БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Asia Art Link болон оролцогч уран бүтээлчид найдаж байна.


“Өмнөдийн салхи-Өнөөгийн Вьетнамын уран зураг” үзэсгэлэн нь Вьетнамын байгалийн үзэсгэлэнт газруудын нэгээхэн хэсгийг харуулахаас гадна уран бүтээлчдийн амьдралын талаар үзэл санаа, эрэл хайгуул хийх, бүтээлч шинэлэг бүтээл туурвих хүсэл эрмэлзийг уран сайхны хэлээр илэрхийлсэн байна. Үзэсгэлэнд реализм, экспрессионизм, хийсвэрлэл хүртэл янз бүрийн хэв маягтай бүтээлүүд тавигдана. Бүтээлийн сэдэв нь байгаль эх, хүний дүр төрх, хөрөг зураг, натюрморт; зотон дээр, тосон болон нийлэг, цаас, торгон дээр пастел болон усан будагаар, цаасан дээр модон бараар хэвлэсэн гэх мэт олон төрлийн бүтээлүүд дэлгэгдэж байна. Оролцогчид нь бие даасан уран бүтээлчид мөн Вьетнамын дүрслэх урлагийн сургуулийн багш нар мөн ахмад болон залуу уран бүтээлчид бүтээлээ гаргаж байгаа ба дотооддоо болон бүс нутагт өөрийн гэсэн уран бүтээлийн өнгө аясыг бий болгож танигдаж чадсан, уран бүтээлүүд нь үндэсний сан хөмрөгт байдаг, олонхи нь үндэсний болон олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд идэвхтэй оролцдог уран бүтээлчид билээ.


Өнгөрсөн 5-р сарын эхээр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Олон улсын уран бүтээлийн үзэсгэлэнд амжилттай оролцсоны дараа зохион байгуулагдаж буй “ӨМНӨДИЙН САЛХИ-Өнөөгийн Вьетнамын уран зураг” үзэсгэлэн нь Монгол, Вьетнам хоёр орны хамтын ажиллагаа, соёлын харилцааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам гүнээ итгэлтэй байна. 


“Өмнөдийн салхи-Өнөөгийн Вьетнамын уран зураг” үзэсгэлэнд оролцогч уран бүтээлчид

LUONG LUU BIEN (1975 онд төрсөн)-Хо Ши Минь хотын бие даасан уран бүтээлч, Хо Ши Минь хотын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн. Түүний бүтээлүүд нь хүний дүрсийг тосон будгаар зотон дээр дүрслэн харуулдаг ба тэрбээр дотоод, гадаадад олон арван бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргаж, Хо Ши Минь хотын Дүрслэх урлагийн нийгэмлэг, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн олон шагналыг хүртсэн.


NGUYEN THU HA (1978 онд төрсөн)-Ханой хотын бие даасан уран бүтээлч. Түүний усан будгаар урласан реалист хэв маягаар зурсан зургууд нь дотоодын олон үзэсгэлэнд тавигдсан.


DINH QUANG HAI (1979 онд төрсөн)-Ханой хотын бие даасан уран бүтээлч. Тэрээр Ханойд хоёр удаа бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргасан. Түүний уран бүтээлийн хэв маяг нь поп, сюрреалист хоёрын холимог юм.


CONG KIM HOA (1962 онд төрсөн)-Ханой хотын бие даасан уран бүтээлч. Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн. Лакан будгаар, хийсвэр хэв маягаар дагнасан тэрээр гадаад, дотоодод бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргасан ба түүний бүтээлүүд нь үндэсний сан хөмрөгийн цуглуулгад хадгалагдан үлджээ.


NGUYEN CONG HOAI (1984 онд төрсөн)-Хо Ши Минь хотын бие даасан уран бүтээлч, тэрээр дотоод болон олон улсад бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргасан. Тэрээр экспрессионист бөгөөд бүтээл нь зотон дээр тос, акрилаар туурвидаг.


BUI DUY KHANH (1972 онд төрсөн)-Хай Фонг хотын бие даасан уран бүтээлч. Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Вьетнам дахь Олон улсын усан будгийн холбооны ерөнхийлөгч. Түүний бүтээлүүд гол төлөв усан будгаар, реалист, импрессионист хэв маягтай, гадаадын олон оронд үзэсгэлэнд оролцож, олон шагнал хүртсэн ба түүний бүтээлүүд олон музейн сан хөмрөгт хадгалагдан үлджээ.


PHAM THI NGOC KHUE (1948 онд төрсөн)-Ханой хотын бие даасан уран бүтээлч. Бодит хэв маягаар пастел болон тосон натюрмортоор мэргэшсэн ба энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлээрээ оролцож байна.


VU BACH LIEN (1976 онд төрсөн)-Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Ханой хотын бие даасан уран бүтээлч тэрээр график урлагийн чиглэлээр мэргэшсэн, дотоодын болон олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн олон шагналыг хүртсэн.


NGUYEN LINH (1961 онд төрсөн)-Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Ханой хотын бие даасан уран бүтээлч бөгөөд дотоод болон гадаадад бие даасан болон хамтарсан олон үзэсгэлэн гаргасан. Тэрээр төрөл бүрийн хэв маягаар бүтээлээ туурвидаг бөгөөд хамгийн тод илэхийлэл нь экспрессионист хэв маяг юм. Түүний олон бүтээл цуглуулганд орсон.


TRAN MANH LINH (1981 онд төрсөн)-Зураач, Ханой Үйлдвэрлэл, урлагийн Их сургуулийн багш, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд додоодын болон бүс нутгийн олон үзэсгэлэнд оролцсон. Түүний бүтээлүүд реалист-импрессионист хэв маягтай.


TRINH LU (1948 онд төрсөн)-Ханой болон Америкт бие даан уран бүтээлээ туурвидаг. Түүний бүтээлүүд байгаль эх, хөрөг зураг, натюрморт  гэх мэт “харж зурах” хэв маягаар бүтээгдсэн. 1993, 1994 онуудад Нью-Йоркийн Итака, 2015, 2017, 2022 онуудад Ханой хотод, 2018 онд Милуоки, Висконси-д тус тус бие даасан үзэсгэлэн гаргасан.


TONG NGOC (1985 онд төрсөн)-Ханой хотын бие даасан уран бүтээлч.  Торгон материал дээр усан будгаар, реалист ба сюрреалист хосолсон хэв маягаар мэргэшсэн, дотоодын болон олон улсын олон үзэсгэлэнд оролцсон. Үндэсний залуу уран бүтээлчдийн наадмын шагналыг хүртэж байсан.


VU HUY THONG (1974 онд төрсөн)-Ханой хотод ажиллаж, амьдардаг. Вьетнамын дүрслэх урлагийн их сургуулийн зураач, дүрслэх урлаг судлаач мэргэжилтэй. Тэрээр багшлах, куратор хийх, үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх зэрэг олон янзын ажил эрхэлдэг.


DANG TIEN (1963 онд төрсөн)-Хай Фонг хотын бие даасан, Хай Фонгийн дүрслэх урлагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн; дотоод болон гадаадад олон бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргасан. Түүний хэв маяг нь экспрессионист-реалист хосолсон байдаг бөгөөд олон бүтээл нь үндэсний сан хөмрөгийн цуглуулганд байдаг, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч.


TRINH TUAN (1961 онд төрсөн)-Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Asia Art Link-ийг үүсгэн байгуулагч ба Ханой хотод ажиллаж, амьдардаг. Тэрээр багшлах, бие даасан болон хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, олон улсын урлагийн арга хэмжээ, урлагийн хурал зөвлөгөөн, кураторын үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. Түүний бүтээлүүд ихэвчлэн лакаар хийгдсэн ба гадаад, дотоодод танигдан олон шагнал хүртэж, олон бүтээл нь үндэсний сан хөмрөгийн цуглуулганд байдаг.


NGUYEN NGOC TUAN (1981 онд төрсөн)-Ханой хотод ажиллаж, амьдардаг, Ханой хотын кино урлаг, драмын Их сургуулийн багш, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд дотоод болон гадаадын олон үзэсгэлэнд оролцсон. Түүний уран зургийн хэв маяг нь реалист, экспрессионист хоёрын хослол юм.


Түүнчлэн “Өмнөдийн салхи” үзэсгэлэнд дараах хоёр онцгой төлөөлөл оролцож байна.


TRINH NHAT ANH (2000 онд төрсөн)-Вьетнамын үндэсний консерваторийг төгссөн, Ханой хотын залуу хөгжимчин, Ханой хотод зохиогдсон олон улсын хөгжмийн авьяастнуудын наадамд хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурчаар оролцож байсан. Trinh Nhat Anh нь үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, Монгол талтай хамтран хөгжмийн хэсгийг хариуцаж байна.


PHAM LONG (1960 онд төрсөн)-Ханой хотын дүрслэх урлаг судлаач, олон тооны судалгааны ном товхимол хэвлүүлсэн, орчуулагч; урлагийн олон арга хэмжээнд ажиглагч, куратор, зохион байгуулагчаар идэвхтэй оролцдог. Тэрбээр энэхүү үзэсгэлэнгийн хэвлэл мэдээллийн ажлыг хариуцаж байна.


Мөн Монгол, Вьетнам сайн дурын ажилтнууд  үзэсгэлэнд оролцох юм. 

Холбоотой мэдээ