Төвбанк төгрөгийн илүүдэл нөөцийг татах арга хэмжээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-14 16:00:15

Монголбанк бодлогын үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор төгрөгийн илүүдэл нөөцийг татах үүднээс хэд хэдэн арга хэмжээ авчээ.

Тодруулбал урт хугацаатай 12 долоо хоногтой ТБҮЦ-ыг банк хоорондын захад арилжаалж эхэлсэн байна. Ингэснээр төгрөгийн илүүдэл нөөцийг татах, төгрөгөөс ам.доллар руу шилжсэнтэй холбоотой, төгрөгийн огцом нийлүүлэлт үүсэх эрсдлийг бууруулах аж. 12 долоо хоногтой ТБҮЦ-ны хүүг бодлогын хүүн дээр нэмэх 2 нэгж буюу 17 хувиар тогтоосон нь хугацаанаас хүлээх эрсдлийг нөхөх зорилготой байсныг албаныхан тодотголоо. Мөн бодлогын хүүний өсөлттэй холбоотойгоор заавал байлгах нөөцийн урамшууллын хэмжээ өссөн нь зээлийн хүү өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хүүний өсөлтөөс хүлээх алдагдлыг заавал байлгах нөөцийн урамшууллын өсөлт нөхөх гэнэ. Түүнчлэн банк хоорондын захын хүүний хэлбэлзэх муж буюу хүүний коридорын дээд, доод хязгаарыг тэгш бус хэмтэйгээр тогтоожээ.  Коридорын доод хязгаар нэмэгдэж, бодлогын хүүнээс хасах 1 нэгж хувиар буюу 14 хувиар тогтоосон байна. Харин дээд хязгаарыг бодлогын хүүн дээр нэмэх 3 нэгж хувиар буюу 18 хувиар тогтоожээ.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ