ЖЯНСҮ: Ухаалаг, цахим хэрэглээг иргэдийн амьдралын хэвшил болгож байна

ТОЙМ
Ts.Enkhtuya@montsame.gov.mn
2023-08-05 17:00:39

-“Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” хамтарсан сурвалжилгын үргэлжлэл тэмдэглэл-

 

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” Монгол, Хятадын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багт багтаж 2023 оны 6 дугаар сард БНХАУ-ын Жянсү мужид аялсан тухай энэхүү тэмдэглэлд өгүүлнэ. Өмнөх тэмдэглэлийг та бүхэн ШАНХАЙ: Дэлхийд нөлөө бүхий орчин үеийн социалист метрополис хот болохыг зорьж байна (montsame.mn) холбоосоор орж уншина уу.


    Илүү их, илүү сайхны төлөө илүү боломжийг судлах тэмүүлэл XXI зууны өнгө болж, аливаа зүйлийг сайжруулж төгөлдөржүүлэх хэрэгцээ өнөөдрийн хөгжлийг тодорхойлох хүч болжээ. 2008 оны Зуны олимпын наадмыг шууд дамжуулах телевизийн нэвтрүүлгийн үеэр тайлбарлагчийн хэлснээс үүдэлтэй “илүү илүү” гэх хэлц дэлгэрч, тухайн үед Монголын боксчдоос анхны алтан медалийг Э.Бадар-Ууган хүртсэн агшин санаанд тодхон. Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхэний хамтарсан сурвалжилгын баг өндөр хурдны галт тэргээр зорчин Жянсү мужийн Сүжөү хотод хүрсэн юм. Энэ нь хүлээн авагч талын бидэнд илүү ихийг үзүүлэх гэсэн хөтөлбөрийн дараачийн хэсэг байв.


        Нийтийн тээврийн хамгийн хурдан хэрэгсэл болох өндөр хурдны галт тэргийг дэлхийн улс орнууд өргөнөөр хэрэглэж, энэ салбар дахь сайжруулалт гэрлийн хурдтай өрсөлдөх мэт, хурдны дээд амжилтыг шинээр тогтоосоор байна.


1964 онд анхны өндөр хурдны төмөр зам ашиглалтад орсон бол 2004 онд БНХАУ-ын Шанхай Маглев чиглэлд зорчих өндөр хурдны галт тэрэг дэлхийн хамгийн хурдан буюу 501 км/цаг хурдтай хэмээн тэмдэглэгдэж байсан бол 2007 онд Францын  Euroduplex TGV нь 574.8 км/цаг хурдтай явж дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Харин өнөөдөр Японы Осака-Токио чиглэлийн Shinkansen /сум/ нь 581 км/цаг хурдыг эзэмшиж байна.



Шанхай-Сүжөү хот хооронд өглөөнөөс орой хүртэл 1 минутын зайтай 256 хос галт тэрэг явж 81-94 км-ийн зайг 21 минутын хугацаанд туулж байна. Чиглэлээс шалтгаалж 2-р зэрэглэлийн тасалбар 14-46 юанийн хооронд хэлбэлздэг аж. 


        Жянсү муж нь эдийн засгийн томоохон бүс бөгөөд Хятад улсын газар нутгийн 1.1 хувийг эзэлж, хүн амын 6 хувь нь оршин суудаг. 2022 онд тус мужийн ДНБ 12.29 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар нэмэгдэн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 144 мянган юаньд хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 65 улс орны 357 хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, дэлхийн шилдэг 392 компаниас хөрөнгө оруулалт татан төвлөрүүлжээ. 

    “Одоогоор аж үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн инновацын төв, олон улсад өрсөлдөхүйц дэвшилтэт үйлдвэрлэлийн бааз, хоёр талт нээлттэй төв байгуулах ажлууд ид өрнөж байна...” хэмээн тайлбарлагч танилцуулав.


        Тайлбарлагчийн ярианаас нэг зүйл анхаарал татаж сэтгэлд тодхон үлдсэн юм. “Аж үйлдвэрийн шинжлэх ухаан” гэж тодотгосон үг. Бидний яриад зориод байгаа “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал” жинхэнэ утгаараа нүдний өмнө сүндэрлэн байхыг “дэлхийн диваажин” гэгдэх Сүжөү хотод үзлээ. Энд шинэ орчин, шинэ хэв маяг, шинэ арга, шинэ загвар, шинэ зорилт, шинэ хандлага, шинэ технологийг бий болгож байна. 100 хувь камержсан, бүрэн цахимжсан ухаалаг хотын иргэд хөгжлийн шимийг хүртэж эрүүл, амар амгалан, экологийн таатай нөхцөлд амьдарч байна.


2022 онд бүх мужийн экологийн орчны чанар сайжирч, азотын исэл, дэгдэмхий органик нэгдлүүд, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, аммиакийн азот зэрэг дөрвөн гол бохирдуулагчийн ялгаруулалтыг бууруулсан нь тэдний зорилтоос давсан байна. Усан байгууламжийн 91 хувь нь маш сайн, эрэг орчмын усанд сайн чанарын усны эзлэх хувь 88.9 хувь байгааг баталжээ.



Сайхны өмнө сэтгэл баясдаг жамаар Сүжөүгийн аж үйлдвэрийн парк төлөвлөлтийн үзэсгэлэнг сонирхож зогсохдоо “Экологийн парк" нөхөн сэргээх технологийн шийдлүүд, хүрээлэн буй орчинг сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг олзуурхав. Хувь хүний хөгжлийг хүрээлэн буй орчны хөгжилтэй хослуулах бодлого хүрээгээ тэлжээ. Дэлхийн усны нөөц хомсдохтой зэрэгцэн усны хэрэглээг багасгах гэхээсээ усны хуримтлал үүсгэх, усыг цэвэршүүлэх технологиуд хурдацтай хөгжиж байна. Дэвшилтэт технологид суурилсан бүтээн байгуулалт, аюулгүй системүүд орчны чанарт нөлөөлж байна. Энэ мэт амжилттай түүхүүдээс гадна агаарын бохирдол, орчны бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлууд ухаалаг бүтээгдэхүүнд шингэж инновацын төвд хөгжүүлэлт хийгдэж байна.


Ухаалаг удирдлагын төв

Ухаалаг жолоодлогын аж үйлдвэрийн хөгжил, стратеги, ололт амжилтыг харуулах төвийг үзэж сонирхлоо. Энэхүү төв нь суурь судалгаа, хөгжүүлэлт, туршилт, баталгаажуулалт, шинэ санаа, технологийн шинэчлэл хийх чиглэлээр байгуулагдаж ухаалаг сүлжээний үүлэн удирдлагын платформ, өндөр хүчин чадалтай тооцоолох платформ, хиймэл оюун ухааны мэдээллийн үйлчилгээний платформ, симуляцийн SaaS платформ, хэрэглээний платформыг нэгтгэсэн төрийн үйлчилгээний иж бүрэн платформыг бий болгосон байна.

Ухаалаг нийтийн тээвэрт аюулгүй зорчихоос гадна дэлгүүр хэсэж болно, бас төрийн үйлчилгээ хүртэж болно. Ер нь бүх зүйл болно. Дэвшилтэт технологийг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн цахим хотын туршлага, төгөлдөржүүлсэн загвар удирдлагын төв хүний төсөөлөл, цахим боломж хязгааргүй үргэлжлэхийг нотлоод өгөв. Ухаалаг технологи хүнийг ухаалаг амьдрахад сургаж байгаа ч юм шиг.


Сүжөүгийн тоосгоны музей

Сүжөү хотын Шян Чэн дүүргийн Юан Хэ гудамжинд байрлах тоосгоны музей жуулчдын сонирхолыг ихэд татдаг. Учир нь Хятадын түүх соёлын үнэт өв болох эртний хаад, язгууртны орд харшийг барихад хэрэглэдэг байсан тоосго, хэв загвар, материал боловсруулалт, үйлдвэрлэл технологийн аргуудыг энд танилцуулсан байдаг. Музейн тохижилт интерьерийг дизайнер Люй Жякүнь хийжээ. 

 Тоосго шатаах зуух нь 600 жилийн турш хэрэглэгдсэн бөгөөд тоосго  үйлдвэрлэх анхны арга барил, технологийг одоо ч дагаж мөрдсөөр байна. Өнөөдөр ч энэхүү зуухыг ашиглан тоосго үйлдвэрлэж болно гэнэ.


2006 онд ЮНЕСКО-гийн соёлын эд зүйлсийг хамгаалах "Амьд соёлын биет бус өв" жагсаалтад бүртгүүлжээ.


Энэ мэтээр Жянсү мужийн Сүжөү, Наньтун, Чидүн, Наньжин зэрэг хотоор үргэлжилсэн бидний аялал өргөн цар хүрээг хамарч түүх, соёлын дурсгалт өв болсон газар, үзэсгэлэн музейтэй танилцах зэргээр өрнөж байсныг гэрэл зургаар товч танилцуулъя.

1905 онд байгуулагдсан Хятадын түүхэн дэх анхны "Музейн гэр"

Наньжин-Мин гүрний хотын хана. 1366 онд баригдсан дэлхийн хамгийн урт, хамгийн том, эртний хэрэм юм.  

Барлах урлаг анх Хятадад Хан улсын үед дэлгэрч байсныг илтгэх түүхэн баримтууд, бүтээлийн дээжис хадгалагдах ордон үзэсгэлэн

 

Люйсы боомт

Дангаар биш даяаршил, хамтын хүчээр илүү ихийг бүтээх бодлого БНХАУ-ын муж бүрт үр дүнгээ өгчээ. Хөх мөрний эдийн засгийн бүс бол Хятадын үндэсний стратегийн хөгжлийн чухал хэсэг юм. Энэ нь Шанхай, Жянсү, Жэжян, Анхуй, Жианси, Хубэй, Хунан, Чунцин, Сычуань, Юннана, Гуйжоу зэрэг нийт 11 хот, мужийг хамардаг. Жянсү муж олон тооны гол, эргийн боомтуудтай. 10,000 тонноос дээш нийт 560 зогсоолтой. улсдаа нэгдүгээрт ордог аж.

Люйсы боомтын чингэлэг терминалыг албан ёсоор ашиглалтад оруулан, Тунжоу булан дахь шинэ гарцыг нээсэн явдал нь иж бүрэн тээврийн систем, YRD дахь боомтын аж үйлдвэрийн шинэ орон зайг бий болгож, "Таван үндсэн арга хэмжээ" зорилтыг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдсэн хэмээн тайлбарлагч ярив.

 

Наньжин дахь SАIС МАХUS авто машины үйлдвэр

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд дараах технологиуд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Үүнд, интернэт, IOT /интернэтээр дамжуулан бусад төхөөрөмж, системүүдтэй холбогдох, Ачааны машин хянах систем, Ухаалаг бар код уншигч, Ухаалаг аж ахуй/, Хиймэл оюун ухаан, роботууд / Apple Siri, Alexa, Tesla, Smart home robots, Хиймэл оюунд суурилсан эрүүл мэндийн систем, Google map, Нийтийн сүлжээ, Нүүр таних систем, Amazon-интернэт худалдаа/, Bigdata /их өгөгдөл, анализ хэрэглэгчийг таних, худалдан авалтыг мэдрэх, санал болгох систем, Шууд замын хөдөлгөөн мэдрэх, жолоочгүй машин, Цахим засаглал, Өвчтний онош илрүүлэлт, Цахим аюулгүй байдал, халдлага/, VR виртуал бодит байдал, AR компьютерийн загварчлал, хиймэл гурван хэмжээст (3D) /харааны болон бусад мэдрэхүйн орчинтой харьцах боломжийг олгож хүний эрхтэн хэвлэх, ургуулах, техникийн эд анги туслах жижиг хэсгүүд, галт зэвсэг хэвлэлт, барилга байгууламж хэвлэлт/, Cloud үүлэн тооцоолол, файл хадгалах /Google Drive, Hubspot, Google classroom, Microsoft 365, Үүлэн тооцоололд суурилсан системүүд/, Хамгийн ирээдүйтэй технологи blockchain бие даасан хэрэглэгчдийн сүлжээ /цахим мэдээллийн сан үүсгэн хуваалцах, smart technology ухаалаг мэдрэгч, байрлал тогтоогч Google map, Uber, Navigation/ гэх мэт... Эдгээр технологиуд дэлхийн хөгжлийг тодорхойлж, улс орнууд өөрсдийн хөгжлийн шинэ загварыг бүтээх болсон нь эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээс харагдана. 

     Наньжиний SАIС МАХUS авто машины С2В үйлдвэр нь хэрэглэгчийн хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн системийг бүхэлд нь ухаалгаар шийдсэн байна. Дэлхийн эдийн засгийн форум болон Мскinѕеу компаниас "Дэлхийн гэрэлт цамхаг үйлдвэр" хэмээн дэвшилтэт технологийн хэрэглээг шингээсэн, шинэ технологиудыг нэвтрүүлж чадсанаараа өндрөөр үнэлэгдэн дэлхийд тэргүүлэх болсон байна.


Тус үйлдвэр нь 1398 мү /15 мү=1 га/ талбайг хамардаг бөгөөд одоогоор 3200 гаруй ажилтан, түүний дотор 600 гаруй судалгааны ажилтан ажилладаг. Дижитал цех болон ухаалаг уян хатан үйлдвэрлэлийн угсралтын цехийг нь Жянсү мужийн үлгэр жишээ үзүүлэх цех хэмээн хүлээн зөвшөөрчээ.


Ахуйн хэрэглээнд бүрэн нэвтэрч, хэрэглээг ухаалгаар шийдсэн бүтээгдэхүүн энд үйлдвэрлэгдэж байна. Мэдрэгчтэй, дуу дүрс танигчтай, тооцоолон бодогчтой, үйлдлийн системтэй гэх мэт орчин үеийн гэр ахуй, албан тасалгаа, үйлчилгээ хэрэглээнд зориулсан бараа бүтээгдэхүүн техник тоног төхөөрөмжүүд бүгд ухаалаг.

Цахим үндэстэн болох зорилт тавьсан Монгол Улсын иргэн хүний хувьд цахим хот Сүжөү, цахим хэрэглээг төгс нэвтрүүлсэн Жянсү мужийн бүтээн байгуулалт, зорилтуудтай танилцан сурвалжлах багт багтсандаа олзуурхаж, аж үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн инновацын төв, олон улсад өрсөлдөхүйц дэвшилтэт үйлдвэрлэлийн баазтай болохсон. Монгол Улсын ирээдүйн хөгжлийн нэг загвар ийм байх юм байна хэмээн дотоод сэтгэлдээ төсөөлж явав. Ийнхүү Монголын сэтгүүлчид дэлхийн шинэ үеийн хотуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлолцож буй хөрш улсынхаа зарим мужуудаас сурвалжилга тэмдэглэл бэлтгэж, суралцаад ирлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд