Үер усны ослоор 9 хүн амиа алдаж, 5 хүнийг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-07-17 16:06:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас үер, усны нөхцөл байдлын талаар мэдээллээ. Долоодугаар сарын эхнээс баяр наадмын өмнөх өдрүүд хүртэл тохиолдсон хүчтэй үер, усны гамшиг болон усны осолтой холбоотойгоор нийт 14.300 хүн 2800 орчим техник хэрэгсэлтэй ажиллажээ.


Нийслэлд 28 хорооны 31.6 мянган өрхийн 128.1 мянган хүн үерт өртсөнөөс нийт 234 өрхийн 743 иргэнийг аюулгүй байдалд нүүлгэн шилжүүлсэн талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээллээ.  

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлийн хэлснээр үер, усны осол, гамшиг дуусаагүй, аймаг, орон нутагт үргэлжилсээр буйг сэрэмжлүүллээ. Тэрбээр, баяр наадмын өдрүүдээр нийт 11 аймгийн 22 сумаас үер, устай холбоотой 37 удаагийн дуудлага иржээ. Аймаг, нийслэлийг оролцуулаад үер усны ослоор нийт 9 хүн амиа алдаж, 5 хүнийг эрэн хайж байгааг мэдээллээ.


Говьсүмбэр болон Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх УБТЗ-ын замын зарим хэсэг усанд автсаныг яаралтай засчээ. Хөвсгөл, Говьсүмбэр зэрэг аймагт нийт 2300 мал үерийн усанд живсэнээс Дархан-Уул аймгийн тахиан аж ахуйн 1500 тахиа үерийн усанд автан хорогджээ.

ЦУОШГ-ын технологич, инженер Б.Цасанчимэгийн мэдээлсэн цаг уурын урдчилсан төлөв байдлаар ирэх 7 хоногт хугацааны дунд үеэс нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-23 болон 24-25-ны өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох аж. Улаанбаатар хотод 18, 22, 23-нд бороо, дуу цахилгаантай бороотой байхыг мэдээллээ.


ЦУОШГ-ын мэдээллээр долоодугаар сарын 16-17-ны байдлаар нутгийн зүүн хэсгээр хур тундасны хэмжээ 2-103 мм хүрээд байна. Өнгөрсөн хугацаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан болон Хужирт зэрэг зүүн хэсэг болон Төв аймгийн Баян-Өнжүүл, Архангайн Булган, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт 80-103 мм буюу хамгийн их хур тундас оржээ.


Сэрэмжлүүлэх мэдээллээр Орхон голын усны түвшин Булган аймгийн Орхон, Сайхан сумдын орчмоор 46-50 см, Тэрэлж голынх 15 см-ээр аюултай түвшнээс тус тус давж нэмэгдээд байна. Зүүн аймгуудын хувьд Хараа, Балж, Онон, Хэрлэн, Орхон, Зэгэстэй голуудын түвшин 114 см хүрээд буйг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ