Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулан үзэсгэлэн нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГТөр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн маргааш Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
Эл үзэсгэлэнг ойд зориулан Ойг удирдан зохион байгуулах Засгийн газрын комисс болон Монголын Үндэсний музей, Монгол банкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн сан хамтран дэлгэн үзүүлэх юм.
Ю.Цэдэнбалд холбогдох 700 гаруй эд өлөг 1990 оны 9 дүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас тус музейн сан хөмрөгт шилжин ирж хадгалагдснаас энэхүү үзэсгэлэнд 150 гаруйг нь түүвэрлэн толилуулах юм. Мөн Монгол банкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Ю.Цэдэнбалын БНМАУ-ын Улсын Баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн Баатарын “Алтан соёмбо”, Маршал сэлэм зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой.
Ю.Цэдэнбал нь 1940 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон, 1940-1954, 1958-1984 онд эрх баригч намын даргаар ажилласан юм. Тэрбээр 1939-1940 онд Сангийн яамны сайд, Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны дарга, 1941-1945 онд Бүх цэргийн жанжны орлогч, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1952-1974 онд Ерөнхий сайд, Сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажилласан ХХ Зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ.
Түүний Монголын төрд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг үнэлэн АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1961 оны 7 дугаар сарын 9-нд БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар цол, 1966 оны 9 дүгээр сарын 16-нд БНМАУ-ын Улсын Баатар цол, улмаар 1979 оны 8 дугаар сарын 14-нд БНМАУ-ын Маршал цол олгожээ.
Ж.Болор