ХӨВСГӨЛ: Арбулагт хүчтэй аадар бороо орж, 3 гэр, 2 автомашин үерт урсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг суманд өчигдөр 19.40 цагт хүчтэй аадар бороо нэг цаг орчим хугацаанд орсон байна.
Аадар борооны улмаас Тарган нуур 5 дугаар багийн Хүрэн чулуут хороолол, Цагаан чулуут хороолол буюу сумын төвийн дундуур их хэмжээний үер бууж, 20 орчим айл өрхийн хашаа усанд автаж, 3 гэр, 2 автомашин урсжээ.
Арбулаг сумын Засаг даргаар ахлуулсан 6 автомашин, 30 хүнтэй бүлэг шуурхай ажиллаж, үерийн усанд гэр нь урссан 3 айл өрхийн 14 хүнийг сумын төвийн Ахмадын өргөөний байранд нүүлгэн шилжүүлсэн байна.
Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнөөдөр усархаг бороо орох тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.