Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг мал, аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.
Ажлын хэсэгт ХХААГ, Баян-Өндөр сумын МЭҮТ, ОБГ болон малын эмч нар багтсан бөгөөд тэд найман хэсэгт хуваагдаж 150 гаруй малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар боллоо. Мөн өөр аймаг, сумдын нутагт өвөлжиж буй малчид болон малын тоо, байршлын судалгаа гаргана. Малын эмч нар малд үзлэг хийхээс гадна өвөлжөө, хаваржааны ариутгал хийнэ. Үүнээс гадна өвс, тэжээлийн бэлтгэлийн мэдээг өрх тус бүрээр гаргах ажээ.
Ажлын хэсгийн хуралдааны үеэр Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлэхдээ “Өмнөх ИТХ Малчин багийг татан буулгасан. Энэ нь малчны асуудал орхигдох гол шалтгаан болж байна. Иймд уг багийг эргэн сэргээх төлөвлөгөөтэй байна. Иймд малчдын саналыг сайн сонсох хэрэгтэй” гэлээ.
Дашрамд дурдахад, Энэ өвөл манай аймагт мал бүхий 1000 гаруй өрхийн 120 мянга гаруй мал өвөлжих юм.
Б.Оюун-Эрдэнэ