ШАНХАЙ: Дэлхийд нөлөө бүхий орчин үеийн социалист метрополис хот болохыг зорьж байна

ТОЙМ
Ts.Enkhtuya@montsame.gov.mn
2023-07-25 10:33:13

-“Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” хамтарсан сурвалжилгад оролцсон тэмдэглэл-

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 2023 он гарснаас хойш зай завсаргүй шахам уулзалт-семинар, төсөл-хөтөлбөр, сэтгүүлчдийг чадавхжуулах, хамтран ажиллах боломжийг нээсэн шинэ шинэ гэрээ хэлцэл хийж, эхнээс нь амжилттай хэрэгжүүлж байна.  Тэдгээрээс “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” Монгол, Хятадын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багт ажиллаж, аялсан тухайгаа энэхүү тэмдэглэлд дэлгэрүүлэв.

Хөрш зэргэлдээ БНХАУ-ын өнөөгийн байдал, ковидын дараах үйлчилгээний шинэчлэл, эдийн засгийн бодлого, хамтын ажиллагааны тухай мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тогтмол шахуу сонсдог бидэнд энэ аялал анхандаа тийм ч сонирхолтой санагдаагүйг нуух юун. Улаанбаатар хотоос 6 дугаар сарын 24-ний өдөр хөдөлсөн автобусанд телевиз, сайт, сонины хот болон орон нутгийн сэтгүүлч, зураглаач, продюсер нийлсэн 30 хүн цуглаж, алсын Шанхайг зорихдоо нэг шинэ түүхийн гэрч болж, шинэ туршлага хуримтлуулахаа хэлэлцэж, төсөөлөх ч завгүй байв. Сэтгүүл зүйн салбарт он удаан жил ажилласан туршлагатай нэгнээс эхлээд анхныхаа томилолтыг аваад догдлох залуу уран бүтээлч хүртэл үе үеийнхнээс бүрдсэн манай багийнхан цагтай уралдах ажлынхаа тухай, бэлтгэсэн мэдээ сурвалжилгаа хэрхэн шуурхай түгээхээ төлөвлөж, техник тоног төхөөрөмжөө шалгаж, дата нэгжийн тухай ярилцсаар зам хорохыг ч үл анзаарав.

 

Хөх хотын “Цагаан Суварга” олон улсын нисэх онгоцны буудалд ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны газрын дарга н.Гэрэлт тэргүүтэй БНХАУ-ын талаас сурвалжилгад оролцох 22 хүнтэй баг 6 дугаар сарын 25-ны өдөр биднийг угтан цомхон нээлт хийж, дурсгалын гэрэл зураг авахуулаад, Шанхайг зорих аялал эхэлсэн юм. 


Шанхайн тухай баримтууд

Хятадын зүүн хэсэгт Хөх мөрний бэлчирт орших эдийн засаг, зам тээвэр, түүх уламжлал, соёл урлагийн төв болсон хот бол Шанхай. Шанхай хотыг туршилтын чөлөөт худалдааны бүс хэмээн 2013 оны 8 дугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөл баталснаар дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан бол өнөөдөр дэлхийд нөлөө бүхий орчин үеийн социалист метрополис хот болохыг зорьж "Шанхай-2035" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэхүү төлөвлөгөөндөө "Хөгжингүй хотын чанартай бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, үр ашигтай засаглалд хүрнэ. Ард түмний хүсэн хүлээсэн сайн сайхан чанартай амьдралыг бий болгохын төлөө хичээж, Шанхайн шинэ гайхамшгийг бүтээнэ” гэжээ.

 

Ийнхүү дэлхийн хотуудтай өрсөлдөх зорилт тавьсан нь экологийн тэнцвэрт байдлыг дэмжих, олон улсын дижитал төв болох, олон улсын эдийн засаг, санхүү, худалдаа, тээвэр, шинжлэх ухаан, технологийн инновацын төв болон хөгжих суурь нь болсон байна.


Шанхай хот өнөөдөр:

·         ДНБ 4.47 их наяд юань,

  •     Хотын хүн ам 24 сая,
  •     14 сая нь Шанхай хотын байнгын оршин суугч,
  •     Дундаж наслалт 83.2,

·         Шанхай хот нь нийт 16 дүүрэг, 4 тосгон, 205 хороотой.   

 

Шанхай хот олон улсад:

·         Дэлхийн санхүүгийн индексээр 7 дугаарт эрэмбэлэгдсэн

·         Олон улсын эдийн засгийн төв

·         Олон улсын санхүүгийн төв

·         Дэлхийн 6 дахь өндөр барилгатай хэмээн бичигджээ.

 

Зам харилцаа:

Шанхай нь агаар, төмөр зам, авто зам, усан замын гэсэн бүх төрлийн тээврийн хэрэгслээр Хятадын бүх хоттой холбогддог бөгөөд Хятадын өмнөд бүсийн зам тээврийн төв зангилаа болсон хот юм.

 

Бүтээн байгуулалт:

II beamline станц болон Жяо Тун их сургуулийн Жанжян шинжлэх ухааны парк, Жанжяны Математикийн хүрээлэн зэрэг гол төслүүд хэрэгжиж, 2022 оны эцэс гэхэд санхүүгийн тайлан өмнөх онтой харьцуулахад 2.6 хувиар өссөн байна.

2022 оны 9-р сард гаргасан дэлхийн инновацын индексийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, Шанхай анх удаа технологийн кластер болж Сүжоутай зэрэгцэн 6 дугаар байрт оржээ. 

Шанхай хотын хот тохижилтын үзэсгэлэнгийн танхим 6 дугаар сарын 26-ны өдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энд цэцэрлэг, сургуулийн сурагчдыг олноор урьж, хотын хөгжлийг хэрхэн төлөвлөдөг, ирээдүй хойч үе амьдрахад илүү таатай болгохын төлөө яаж ажилладгийг бүхэлд нь харуулж, тэднийг илүү сайхныг ургуулан сэтгэхэд нь тусалдаг байна.   


Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хотын сайн туршлага гэж бий. Сайн туршлагаас суралцаж, хэрэгжүүлснээр дэлхийд үнэлэгдсэн байна. 


Шанхай дэлхийд:

-ХҮМҮҮНЛЭГ ХОТ

-ЭКОЛОГИЙН ХОТ хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн аж.


Бид Шанхай хотын уугуул иргэд оршин суудаг Үличяо гудамжны захад ирцгээлээ. МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр Монголын сурвалжилгын багийг ахалж яваагийн хувьд судалгаа хийн хөтөлбөр боловсруулахад оролцсон тул мэдээллээ хуваалцаж, биднийг чиглүүлж явав. Сурвалжилгын баг сурсан зангаараа камер, гар утас, микрофоноо барин тал талд лайв хийх нь, ярилцлага авах нь, сурвалжилга бэлтгэхээр зэрэг ажиллаж байгаа нь оршин суугчдад сонирхолтой санагдаж байгаа бололтой. Цаг хугацааны гэрч болсон эдгээр барилгыг оршин суугчдын тав тух, хэрэгцээнд тохируулан сайжруулах шаардлага тулгарч Орон сууцны хороо, Эзэмшигчийн хороотой хамтран өндөр настан олноор амьдардаг байруудад лифт суурилуулах төслийг хэрэгжүүлсэн байна. Барилгын гадна нэмэлтээр өргөтгөл хийж суурилуулсан цахилгаан шат нь ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулсан үр дүнтэй төсөл болжээ. Хуучны орон сууцны хороололд Монгол, Хятад нийлсэн 60 гаруй хэвлэл мэдээллийнхэн энэ тухай нийтлэхээр зэрэг ажилласан нь магад анхны тохиолдол байх.

Хүн амын нягтаршил ихтэй хотод орчны бохирдлын асуудал чухал сэдвүүдийн нэгт бичигдэх болж, ухаантай амьдрахыг зохион байгуулалттайгаар ухуулан сурталчилж байна. Энэ жишиг ажлын хүрээ болоод хяналт сургалтыг амжилттай хэрэгжүүлсэн тухайгаа сэтгүүлчдэд танилцуулах нь хөтөлбөрийн нэг хэсэг.

 

“Хог ангилах шинэ мода” аяныг  зохион байгуулж “Дөрвөн навчит хошоонгор” нэртэй гудамжны хог ангилах сайн дурын үйлчилгээний баг ажиллуулж, хаягдлыг эрдэнэ болгох “ногоон анги” байгаль хамгаалах ажлыг долоо хоног бүр тогтмол хийх болсон байна. Дахин боловсруулах боломжтой төмрийн хаягдал, хаягдал хувцас, цаас, хуванцар зэргийг хадгалах, 24 цагаар саадгүй ажиллах устгах төхөөрөмжүүдийг хянах систем, аюулгүй байдлыг хангасан тоноглол зэргийг үзэж сурвалжилснаа энд дурсахгүй өнгөрч боломгүй. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийт санаа зовинож хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин боловсруулах талаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч энэ мэт үр дүнгээ өгөөсэй.


НҮБ-аас "Хотуудын тогтвортой хөгжлийн дэлхийн шагнал"-аар амьдрах орчин нь ээлтэй Шанхай хотыг шагнаж байгаагаа 2022 оны 3 дугаар сарын 30-нд зарлажээ. Хотын өдөр тутмын үйл ажиллагааг хянах дижитал платформыг байгуулж, үр ашгийг нь хэмждэг олон мянган дижитал үзүүлэлтүүдтэй Шанхай хот "15 минутын олон нийтийн амьдралын тойрог"-ийн бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд 2023 оны эцэс гэхэд 100 сайхан хороолол" байгуулахаар төлөвлөж байна.


Шанхай хотын захиргаа хотын соёлын салбарыг дэлхийн түвшинд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө баталж, цахим спортыг дэмжсэнээр дэлхийн цахим спортын алдартай хотуудын 3 дугаарт жагссан.


Цахим...цахим...цахим... энэ үг биднийг байнга дагах боллоо. Цахим худалдааны хорхой хүргэм бизнес ч цэцэглэн хөгжиж байна. Өндөр түвшинд нэгдсэн системтэйгээр чанар стандартыг баримтлан өрсөлдөгчгүй болтлоо хөгжсөн Шанхай хотын цахим худалдааны төв Байчюд бид хүрэлцэн ирлээ. Тус төв 2011 онд үйл ажиллагаагаа эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд олон нийтийн сүлжээн дэх эрэлт хэрэгцээг хангах зорилготой төгс платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр нэгдсэн маркетингтай мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компани болж өргөжсөн байна.


Мөн 2017 оноос тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний сурталчилгааны гэрэл зургийн студитэй болж, салбарын туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болсноор өндөр түвшний баримтат кино бүтээх үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэж олон улсад өндрөөр үнэлэгдэх брэндийн дүрс бичлэгийн үйлчилгээнд мэргэшсэн бөгөөд график, богино хэмжээний видео контент үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олон талын туршлага хуримтлуулсан мэргэжлийн бүтээлч студи болон хөгжсөн байна. Одоогоор олон улсын анхан шатны 80 гаруй брэндийн тусгай үнэт, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Түүнчлэн 2021 оноос захиалгын биелэлтийг сайжруулахаар цахим худалдааны салбарын судалгаа, шинжилгээний баг байгуулж мэргэшсэн бүтээлч санааг хэрэгжүүлж эхэлжээ. Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологи, 3D загварчлал нь онцгой виртуал орчинг бүрдүүлж брэндүүдийг төлөөлөх өвөрмөц төрхтэй шинэ хүмүүсийг бий болгоход тусладаг байна. Энэ нь метаверсийг интернет дэх цахим худалдааны салбартай холбох шинэ зууны худалдааны арга юм. Шанхай хотын цахим худалдааны төв Байчюг хамтарсан багийн 52 төлөөлөгчөөс гадна Хятадын төв хэвлэл, орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн сурвалжилж, мэдээллээ эх сурвалж дээрээс нь нэгэн зэрэг түгээсэн нь шуурхай төдийгүй бахархалтай сайхан үйл явдал байв. 

Технологийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн “Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт” 2019 оны 8 дугаар сарын 29-31-нд Шанхай хотноо болж, “Alibaba” группийн үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан Жек Ма болон “Tesla”, “SpaceX” болон “Neuralink” компаниудын үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск нар халз мэтгэлцэж байсан түүхтэй.

 

Элон Маск (ЭМ): Хүмүүс хиймэл оюун ухааны нөөц бололцоог ерөнхийдөө дутуу үнэлээд байх шиг надад санагддаг. Миний бодлоор Хятад бол дэлхийн ирээдүй. Энэ нь эдийн засгийн өсөлт, санхүүтэй ямар ч холбоогүй. Учир нь энд манайхтай адил сансрын хөлөг онгоц бүтээхээр ажиллаж буй хэд хэдэн компани байна. Тэд бүгд л ирээдүй рүү тэмүүлж байгаа. Үүндээ зориулж шинжлэх ухааныг маш хүчтэй санхүүжүүлж байна. Би үүгээр нь бахархдаг.

 

Жек Ма (ЖМ): Хиймэл оюун ухаан бий болсноор хүмүүсийн ажлын байрыг булааж эхэлсэн... гэх мэт... Энэ мэтгэлцээн гэнэт санаанд буулаа.

 

Нүдний өмнө Шанхай хотын ердийн нэг худалдааны төвийн үйлчлүүлэгчид холхидог хэсэгт байрлах автомат хоолны цэг. Бид Улаанбаатар их дэлгүүрт алхаж байгаад АТМ-ээс мөнгө авдаг шиг, эсвэл Гэрэгэ киоскоор үйлчлүүлдэг шиг л хялбархан энэ мэт ухаалаг ТҮЦ-нээс халуун кофе, чихэр, печень авч байсан. Харин өнөөдөр халуун хоолоор үйлчилдэг болтлоо энэ үйлчилгээ хөгжсөнийг үзэв. Технологийн хөгжлийг зөвхөн гар утасны шинэ загварт төвлөрч ярилцах бус нийгмийн, хүрээлэн буй орчны, хүний амьдралын чанарт сайнаар нөлөөлөх ач холбогдлынх нь талаар цогц мэдлэг түгээх цаг иржээ.


Метрополис хотуудын тухай төсөөллийн нэгдүгээрт, өөд уруугүй завгүй гүйх ажилчдын зураглал байдаг байсан бол одоо эсрэгээрээ амьсгаа авч орчноо ажих, аюулгүй эрүүл хөгжихийг эрхэм зорилгоо болгосон Мега иргэд чанартай амьдралыг эрхэмлэдэг болж. Нөгөө танхимд амт чанартай нь ярих юм байхгүй баталгаа өгдөг, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, орц найрлага кодлогдсон горимтой хоёр робот хоол бэлтгэхийг нүдээр үзэж гайхан баясаж зогсох зуураа гэнэт инээд хүрээд явчихлаа...Монголын уран сайхны ”Сэрэлт” киноны Бумаа авгай аливааг гайхан биширдэг хэсгүүд санаанд ороод тэр. Энд тогтмол үйлчлүүлдэг, роботтойгоо дассан улс миний сониуч байдлыг зөрүүлээд гайхав. Өмнө нь юүтүб, тик-ток зэргээс бичлэг үзэж байсан ч өөрөө нүдээрээ үзэхээр сонин, бас Монголдоо хэрэгжүүлчихэж болмоор эсэхийг нь шохоорхсон хэрэг.

 

Ши Шян И Шян цахим худалдааны компани хиймэл оюун ухааны технологиор дамжуулан хоол үйлдвэрлэл, зоогийн газар, ресторан, зөөврийн хоолны цэг зэрэгт шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь энэ. Хятадын уламжлалт хоол хийх аргатай хослуулсан хоолны жороо Шишянгийн дата платформоос ирэх мэдээллийн дагуу орц бэлтгэх, хутгах, шарах горимоор олон янзын өөр өөр амттай хоолыг бэлтгэж чаддаг энэхүү машин дан ганц хоол хийгээд зогсохгүй. Амтыг баталгаажуулж, хүнсний аюулгүй байдлыг нягталж, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажилладаг нь хамгийн том үзүүлэлт юм. Хоолны үлдэгдэл, хаягдлыг ангилж цэвэрлээд ариутгал халдваргүйжүүлэлт ч хийчихнэ.

Ийнхүү хиймэл оюун ухаан хүмүүст туслаж байна, өөрсдийнхөө амьдралд илүү их цаг гаргах боломжийг олгож байна. “Хүн ер нь хэт их юманд санаа зовж, тэр хэмжээгээрээ стресс бухимдалд өртөж, өвчин тусдаг даа..” хэмээн эргэцүүлэх зуур

- Дараагийн сурвалжилга, автобуснаас буугаарай... гэх хөтчийн дуу бодлыг таслав.


Цаг уурын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлэх байдлаараа дэлхийд тэргүүлдэг байсан Хятад улс өнөөдөр дэлхийн нийт бүрэн-цахилгаан авто машины тэн хагасыг үйлдвэрлэж байна. Энэ бол цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодитой нэг шийдэл нь юм.


2016 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Комоло хүмүүст шинэ боломжуудыг бий болгох эрхэм зорилготой ажиллаж эхэлжээ. Тууштай хичээл зүтгэлийн үр дүнд Westwell ухаалаг экосистемийг дэмжих логистикийн шийдлүүдийн анхдагч болсон байна. Одоогоор патент, загвар, барааны тэмдэг зэрэг оюуны өмчийг хамгаалах хүчирхэг сүлжээний ачаар далайн боомтуудад зориулсан WellOcean®, эрчим хүчний шинэ эх үүсвэрээр ажилладаг авто тээврийн хэрэгсэлд зориулсан Qomolo® зэрэг хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны шийдлүүдийг санал болгож, 18 улсын 160 компани хэрэглэгчидтэй хамтран ажиллаж байна. Далайн боомтын бүс нутгуудад тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөнөөр хэрэглэдэг. Түүнчлэн хилийн боомтуудад 23 жолоочгүй машиныг ашиглаж байгаа туршлагатай. Тайланд улсад анхны бүтээгдэхүүн борлуулах гэрээ хэлэлцээр хийж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд эвдрэл гэмтэл осол гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандарт болоод аюулгүйн ажиллагааны нь найдвартай байдлыг илтгэдэг байна.

Комоло цаг хугацаа, орон зай болон бидний сэтгэхүйн үйл явцын хязгаарыг эвдэж, логистикийг шинэ ирээдүйд авчраад зогсохгүй байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлж байгааг нь үнэлшгүй юм. 

E-truck загвар нь хослуулан хэрэглэх боломжтойгоороо онцлогтой. Жолоочийн амрах болон эрүүл мэндийн шаардлагатай нөхцөлд ээлжлэн жолоодох үүргийг гүйцэтгэнэ. Ainergy буюу агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээний зорилгод нийцсэн. 100 хувь цахилгаанаар ажилладаг. 1 машин 300-350 мянган ам.долларын үнэтэй.


Qomolo машин нь хөдөлмөрийн хүч, эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн болсон. Аюулгүй байдлын эрсдлийг бууруулсан, ажиллах хүчний хомсдолд орохгүй, компанид эдийн засгийн хэмнэлт авчирсан зэрэг эерэг нөлөөллийг үзүүлжээ.


Биднийг сурвалжилгаа бэлтгэсний дараа ч Вествелл 2023 оны WIPO Global Awards-ын нэр хүндтэй шагналаар шагнагдаж байгаа тухай мэдээ нийтлэгдэж, оюуны өмч болоод  жижиг, дунд бизнесийн тогтвортой амжилтыг бүтээсээр байна.

Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал 2023 оны 7 сарын 6-8-ны өдрүүдэд Шанхай хотод болсон. Энэ үеэр Хятад улсад хиймэл оюун ухааны салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн цар хүрээ 500 тэрбум юаньд хүрч, аж ахуйн нэгжийн тоо 4300-аас давлаа гэж мэдээлж байлаа. Тэд шинэ санааг уралдуулсаар байх нь тодорхой харин бид хиймэл оюун ухаан, технологийн салбарт хүчтэй өрсөдөгч болох мөрөөдөлгүй гэж үү?

Шанхай цамхаг:

Пүдүн дүүргийн Лүжязүй олон улсын санхүү, худалдааны бүсэд байрладаг Шанхай цамхаг нь Хятадын хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд өндрөөрөө 3-рт эрэмбэлэгддэг. Барилгын өндөр 632 метр, 127 давхар. Шанхай хотыг бүхэлд нь буюу 360 градусаар ажиглах боломжтой танхим 118 давхарт нь байрладаг. Харин бид олуулаа, тусгай ажилтай баг хэмээн хүндлэгдэж 120 давхарт байрлах хаалттай бүс рүү нэвтэрсэн юм.


Энд дэлхийн бизнесийн томчууд, олны танил одод, улс төр, нийгмийн алдартай зүтгэлтнүүд ирж  ажиллаж, амьдарч, гэрээ хэлэлцээ ч хийдэг, бүр захиалгадаа дарагддаг эрэлт ихтэй газар гэнэ. Тэдний тав тух, үнэлэмж мэдрэмжийг хөглөх онцгой чамин зүйлс, интерьер шийдлийн гайхалтай хослол нүд хужирлана. Тансаг зэрэглэлийн таван махбодийг бэлгэдсэн рестораны тохижилт, өрөө хоорондын битүүмжлэл, цонхны харууц үнэндээ их таалагдсан. Магад ажлаа умартаад хэсэг саатмаар, онцгой ямар алдартан орж ирэх бол гэж хүлээмээр тайван таатай байлаа.

Шанхай цамхагт оффис, зочид буудал, үзвэр үйлчилгээ, худалдаа байхаас гадна 52 давхарт номын дэлгүүр, уншлагын танхим, шилмэл бүтээлийн үзэсгэлэн зэрэг олон нийтийн соёлын үйлчилгээг нэг дор төрөлжүүлжээ. 


Эцэст нь, түүх соёлын өв болсон алдарт Юй Юань цэцэрлэгт хүрээлэнд зорчсон тухай товч тэмдэглэл хүүрнээд тэмдэглэлийн эхний хэсгийг өндөрлөе. Чин гүрний үед /1636-1912/ хүү нь аавдаа зориулан хувийн эдэлбэр 30 гаруй га газарт харууц тохижилтыг чамин тансаг, утга бэлгэдэл шингээсэн уран хийцлэлтэй олон өргөө ордон сууцуудтайгаар төлөвлөн барьж байгуулсан байна.


Мин гүрний /1368-1662/ үед түүний аав улс төр болон хууль цааз эрхэлсэн ноёд түшмэдийн дунд нэр хүндтэй прокурор хүн байжээ. Түүхэн үечлэл нь Монголын Юань улсын засаглал нурж, Мин улс Цагаан хэрмийг сэргээн босгож, Хориотой хотыг барьж байгуулсан онцгой үе. Тиймдээ ч эдгээр харшид тухайн үеийн түшмэд арилжаа наймаа, зээл хандив хэлэлцэж байсан нь анхны банкны үйлчилгээний суурийг тавьсан, Шанхайн түүхэн бослогын төв зэрэг нийгэм соёлын үйл явц өрнөж байсныг гэрчлэх баримт бүхэн энд бий.

Үзэсгэлэнт байгалийг цогцлоон ховор содон ургамал, модоор чимэглэн уран сайхнаар төгөлдөржүүлсэн 400 гаруй жилийн түүхтэй соёлын өвд бүртгэгдсэн энэ цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр Хятадын үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болгожээ. Ийнхүү “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя” сурвалжилгын баг Шанхайн халууныг умартан үзсэн харснаа халуун цэгээс нь шуурхай дамжуулж бас ч үгүй олон хүнд аялах сэдэл, хөгжлийн тухай бодол нэрсээр Жянсү мужийг зорилоо...

/Үргэлжлэл бий/

Холбоотой мэдээ