ГОВЬ-АЛТАЙ: Мазаалайд зориулан биотехникийн арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-07-04 13:56:51

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа Мазаалайд зориулан биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай автомат камеруудыг цэнэглэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.


Зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 4-ний хооронд Мазаалайн гол байршил газрууд болох Баруун шаргын баянбүрд, Шинэ ус, Мазаалай шанд, Хөшөөт, Шар хулсны баянбүрд, Цувлуур усанд байрлах тэжээлийн савуудад 640 кг нэмэлт тэжээл тавьж биотехникийн арга хэмжээг зохион байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.


Үүний сацуу дархан цаазат газрын баруун хэсгийн уст цэг, баянбүрд, тэжээлийн савуудын ойролцоо байршуулсан зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай 42 автомат камерын батарейг сольж, шинээр гурван газарт таван ширхэг автомат камерыг байршуулсан аж.


Мөн үеэр SMART системд 58 ажиглалт мэдээллүүдийг давхар бүртгэж, Буурын хяр, Хөтөл ус, Чонын довонд байрлах нарны өргүүрт худгуудад усны тоолуурыг суурилуусан байна. Энэхүү ажлыг зохион байгуулахад Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын /ZSL Mongolia/ хамт олон хамтран ажиллажээ. 

Холбоотой мэдээ