ХОВД: Ямаан усны хадны зураг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-30 09:53:52

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Алтай, Үенч сумын нутгийн заагт орших  Заагт уул, Алаг тэхт уулын хоорондох өндөр цавчим хадан хясаагаар заагласан хавцлыг Ямаан усны хавцал хэмээдэг.

Уг хавцал нөмөр нөөлөг ихтэйгээс гадна хэсэг бусаг газартаа булаг шандтай тул нутгийнхан ихэвчлэн хаварждаг. Энд 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүнзгий хонхойлгон сийлсэн байдаг.

Энд маш олон төрлийн зураг байдаг бөгөөд эдгээрээс хамгийн сонирхолтой нь дайн тулааныг дүрслэн үзүүлсэн зураг, 4 морь хөллөсөн 8 хигээс бүхий дугуйтай сүйх тэргэн дотор сууж яваа хүн, тэрэгний өмнө, хойно тус бүр морь унасан хүн тэргийг хамгаалан явж байгаа зураг, мөн 29 үсэг бүхий түрэг бичээсүүд ихээхэн сонирхол татна.

Гурвалсан морь хөллөсөн сүйх тэрэг дүрсэлж, сүйх тэрэгний өмнө талд нум саадаг агссан морьтой хүн, ар талд нь дагаж яваа морьтой хүн зэргийг урласан ажээ.

Өгүүлэн буй зурагт сүйх тэрэгтэй нэгэн язгууртан заларч буйг маш тодорхой харуулсан байдаг. Энэхүү зураг нь чадварлаг уран дүрслэлтэйгээс гадна сүйх тэрэгний нум, арал, бүхээг, бүхээгний чимэглэл, гурвалсан морины зугуухан хатиралт зэргийг тов тодорхой харуулжээ. Судлаачид уг зургийг Хүннүгийн үед хамааруулан үздэг билээ.

Холбоотой мэдээ