С.Оюун: Эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувьсгалд хүчээ нэгтгэх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
uranatuya@gmail.com
2023-06-30 10:05:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар Улаанбаатар хотноо чууллаа. Жил бүрийн 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болдог НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус уулзалтыг зохион байгуулдаг. Харин манай улс энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар улсдаа анх удаа зохион байгуулсан юм.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээлтийн үеэр, “Монгол Улс жендэрийн тэгш байдлыг дотоод болон гадаад бодлогодоо нэгэн адил эрхэмлэдэг. Монгол Улс ямагт эмэгтэйчүүдээ дээдэлж ирсэн түүхтэй орон. Эмэгтэйчүүд маань Их хааддаа төрийн хэргийн талаар зөвлөж, тэдний дуу хоолой улс төрд жинтэй байсан түүх бий. Түүхийн тухайн цаг үед Зүүн болон Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Европын улс орнуудтай явуулж байсан дипломат үйл ажиллагаанд эмэгтэйчүүд оролцож байсныг түүх гэрчилдэг. Энэ бүхэн нь манай өвөг дээдэс эмэгтэйчүүдийнхээ чадавх болон ур чадварыг дипломат болон стратегийн үйл ажиллагаандаа хөшүүрэг болгон ашиглаж, дипломат харилцаа тогтоох, урт хугацаанд энхийн холбоо тогтооход давуу талтайг хүлээн зөвшөөрч байсны илрэл юм. 

 

Бид жендэрийн тэгш байдлыг хуульчилсан Азийн анхны орнуудын нэг гэдгээрээ бахархдаг. Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг тэртээ 1924 онд баталсан анхны Үндсэн хуульдаа тусгаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сурч боловсрох, улс төрд оролцох зэрэг иргэний бусад эрхийг хуульчилж өгсөн байдаг” гээд цаашид удирдлага, шийдвэр гаргах түвшинд  жендэрийн тэгш байдлыг хангах талаар манай улсад хийх зүйл их байгааг онцолсон юм.

 

Энэ уулзалт хурлаар,

-Уур амьсгалын өөрчлөлт,

-Хүнсний аюулгүй байдал,

-Энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг гэсэн 3 сэдвээр салбар хуралдаан зохион байгуулсан.


Эхний хуралдаан буюу Уур амьсгалын өөрчлөлт сэдэвт хэлэлцүүлэгт эмэгтэй сайд нар оролцож байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Уур амьсгалын Ногоон сангийн гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Оюунаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эмэгтэйчүүд юу хийж чадах, эмэгтэйчүүдэд ямар нөөц боломж бий талаар санаа бодлыг нь сонслоо.


-Манай улсын хувьд дэлхийн дулаарлын нөлөө хэр хэмжээнд хүрсэн, энэ тал дээр монголчуудын ойлголт, хандлага ямар түвшинд байдаг бол?

-Дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа нэг томоохон асуудал нь уур амьсгалын өөрчлөлт. 20,30 жилийн өмнө бол энэ асуудал манай улсад хамаатай эсэх нь тодорхойгүй ч юм шиг байлаа. Одоо харин энэ нь хамгийн их эрсдэл дагуулж магадгүй, байгалийн гамшгийн хэмжээнд хүрч магадгүй нэг том хүчин зүйл болж байна. Тэртэй тэргүй нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудал бий. Гэтэл тэрхүү олон тулгамдсан асуудлыг улам бүр хүндрүүлэх зүйл нь уур амьсгалын өөрчлөлт болоод байгаа юм. Манай улсын хувьд цаг уурын дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин илүү хэмжээнд хүрчихлээ. Бэлчээрийн талхлалт, цөлжилт их явагдаж, мөнх цаст уулын цас мөс сүүлийн 100 хүрэхгүй жилийн дотор 40-өөд хувь нь хайлчихсан, цэвдэг хүртэл хайлж байна гэж байгаа. Энэ нь хөрсний доройтолд хүргэж, ялангуяа бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд ихээхэн төвөгтэй болгох аюултай байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт бол манай улсаас хол бий болоод байгаа асуудал биш ээ гэсэн үг.


-Яг энэ асуудал дээр эмэгтэйчүүд чухам ямар оролцоотой байх юм бол?

-Дэлхийн дулаарал хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байдаг аж. Ер нь дэлхийн улс орнуудын хүнс хөдөө аж ахуйн салбар, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг юм байна. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал дээрх салбаруудад нөлөөлөөд эхлэхээр үүний сөрөг үр дагаврыг эмэгтэйчүүд, хүүхдүүд илүү их амсах магадлалтай байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд аливаа томоохон асуудлуудыг шийдэхэд өөрийн дуу хоолойг гаргадаг, шийдвэрт нь оролцдог, хэрэгжүүлэлтэд нь гол үүрэг гүйцэтгэдэг болох зайлшгүй хэрэгтэй байгаа юм аа. Үүнд манай улсад зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ ихээхэн ач холбогдол өндөртэй. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо заавал байх ёстой. Хамтран шийдэлцэх учиртай. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, хүнсний аюулгүй байдлын асуудал, дэлхийн энх тайвны асуудалд ч эмэгтэйчүүдийн дуу хоолой орж ирж байх нь маш чухал. Энэ бүхэн дээр өнөөдрийн дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн сайд нар ихээхэн анхаарал төвлөрүүлж байгаа нь сайн хэрэг. Манай улсын Гадаад харилцааны сайд санаачлаад, Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ аваад, энэ томоохон арга хэмжээг өөрийн улсад зохион байгуулж байгаа нь маш зөв алхам болж байна.


-Эмэгтэй сайд нарын хувьд энэ асуудал дээр ямар байр суурь илэрхийлж, юуны талаар ярьж, санал солилцож байна вэ?

-Ерөөс өнөөдөр томоохон шилжилт айсуй явна гэж үзэж болно. Энэ нь ямар шилжилт вэ гэвэл, “Хүрэн эдийн засгаас Ногоон эдийн засаг руу” гэсэн ойлголт. Эрчим хүчний эх үүсвэрүүдийн шинэ хэлбэрүүдийг хүссэн хүсээгүй сонгох цаг нь болсон. Үгүй бол дэлхийн дулаарал зогсохгүй. Энэ шилжилт хувьсгалд нэгдэх, хүчээ нэгтгэх, технологийн өөрчлөлт шинэчлэлтээ хийх, энэ бүхэндээ эмэгтэйчүүдийн оролцоог хангаад явах нь хамгийн чухал асуудал юм. 


Энэ арга хэмжээ нь дэлхий нийтийн өмнө тулгарсан олон улсын энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлыг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэсэн хүлээлт байгаа юм. 

Холбоотой мэдээ