Эмэгтэй сайд нарын яриа хэлэлцээ дэлхий нийтийн сорилт, бэрхшээлийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулах индэр болж өргөжнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд өнөөдөр эмэгтэйчүүд нийт хүнсний бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг үйлдвэрлэхэд оролцож байна. Тиймээс ХАА эрхэлж буй сая сая эмэгтэйчүүдийг бүхий л талаар дэмжин чадавхжуулж, инновац, цахим технологийг нэвтрүүлэх замаар ХАА-н үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, өлсгөлөн, ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл юм гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг нээж үг хэлэхдээ онцоллоо.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг манай улсад анх удаа зохион байгуулж байна. Уулзалтад ХБНГУ, БНФУ, Индонез, Лихтенштайн, Буркина Фасо, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд нар, Австрали, Мозамбик улсын жендэр хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар болон НҮБ, олон улсын бусад байгууллагуудаас уригдан ирж оролцож буй зочид төлөөлөгч, сайд нарыг Төрийн ордны хойно угтан авах ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч
У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэхдээ, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын Улаанбаатарын уулзалтын санаачилгыг дэмжин хамтран зохион байгуулж буй ХБНГУ-ын
Холбооны Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок болон Франц улсын Гадаад хэргийн сайд Катрин Колонна нарт талархал илэрхийлэв.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын энэхүү уулзалт нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, түүн дотроо жендерийн тэгш байдлыг хангах, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн хүсэл зориг, манлайллаа бодит ажил хэрэг болгоход зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйгаа хэллээ. Мөн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хөндөн Монгол Улсын иргэд эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зэрэгцээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд буйг тэмдэглэв.
Уулзалтын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Амина Мохаммед болон НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч, хатагтай Рабаб Фатима нар цахимаар оролцон мэндчилгээ дэвшүүлэв. Мөн БНАСАУ, Андоррын Хант улс, Япон, Люксембургийн Их Гүнт Улс, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзалтад цахимаар оролцон оролцогсдод амжилт хүсэж, мэндчилгээ хүргэлээ.
Б.Батцэцэг: Бид жендэрийн тэгш байдлыг хуульчилсан Азийн анхны орнуудын нэг гэдгээрээ бахархдаг.
Гадаад хэргийн эмэгтэй сайд
нарын уулзалтыг санаачлан эх орондоо зохион байгуулж буй Монгол Улсын Гадаад
харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтад оролцогч нарт мэндчилгээ дэвшүүлэн, Монгол
Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс оролцогч, зохион байгуулагч, хамтран ажиллаж
буй улс орон, байгууллага, хүмүүст талархалаа илэрхийлэв.
Тэрбээр дэлхий нийтэд,
нийгэм, эдийн засаг, улс төрийн бүх салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин,
жендерийн тэгш байдлыг хангах үйл явц бодит шаардлага болж буйг хэлсэн үгэндээ онцолсон
юм. Түүнчлэн Гадаад
хэргийн эмэгтэй сайд нарын яриа хэлэлцээ дэлхийн нийтэд тулгарсан сорилт,
бэрхшээлүүдийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хүчирхэг түлхэц болдог
индэр байж, өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Мөн Монгол Улс олон улсын томоохон уулзалт, үйл ажиллагааны үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус бүлгийн болон феминист гадаад бодлогын талаарх уулзалт, хурлуудад сайдын түвшинд оролцсоор ирснийг дурдаад, тиймээс энэ форматыг улам хөгжүүлж, сайн туршлагаа хуваалцдаг дэлхий дахин, бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн, санал бодлоо хуваалцдаг албан ёсны, үр дүнтэй талбар болгохыг эрмэлзэж байна гэв.
Уулзалт “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо” салбар хуралдаануудаар Төрийн ордонд болж байна.