ХОВД: Буянт голын зусланд гэр номын сан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-28 17:50:55

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Нийтийн номын сангаас Буянт голын хөвөөнд зусаж байгаа айл өрх, хүүхэд багачуудад зориулан  Гэр номын сан бий болгож, олон талт үйлчилгээ үзүүлж байна. 


Зуслангийн бүсэд байгуулсан энэхүү гэр номын сангийн үйл ажиллагаа 30 өдрийн хугацаанд үргэлжилнэ. 
Өдөр бүр 9.00-18.00 цагийн хооронд ажиллах тул  иргэд хөдөлмөрчид, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Буянт голын бага гүүрний дээд талд байрлах шар гэр буюу гэр номын сангаар зочилж, номтой нөхөрлөхийг уриаллаа.   

Гэр номын санд 300 гаруй ном, сурах бичиг дэлгэсэн бөгөөд хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх тэмцээн, "номтой нөхөрлөе" нөлөөллийн үйл ажиллагаа,, номын талаарх хэлэлцүүлэг гэх мэт олон талт ажлыг гэр номын сангаа түшиглэн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт голын хөвөөнд жилд дунджаар 1500 айл өрх, 5000 орчим хүүхэд зусланд гардаг. Өнгөрсөн жил Гэр номын сангаар 1800 гаруй хүүхэд, иргэд хөдөлмөрчид үйлчлүүлж байжээ.   

Холбоотой мэдээ