ХОВД: Коллеж төгсөгчдийн 61 хувь нь шууд ажлын байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-07 12:25:15

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөгжил политeхник коллеж энэ хичээлийн жилд 128 багш ажилтан, 1228 суралцагчтайгаар гурван чиглэлд сургалтын үйл ажиллагаа явуулж, шаталсан сургалтыг 33 хөтөлбөрөөр зохион байгууллаа. 

Дэлхийд үнэлэгдэхүйц ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн төлөө хичээн зүтгэн ажилладаг тус коллeжийн хамт олон жилд хоёр удаа төгсөлт хийдэг.

2022-2023 оны хичээлийн жилийн эхний улиралд Хөгжил политехник коллежийг 200 гаруй суралцагч 14 мэргэжлийн дагуу суралцан төгсжээ. 

Тэгвэл энэ хичээлийн жилийн хоёрдугаар улиралд 29 мэргэжлээр 400 гаруй суралцагч сургуулиа амжилттай төгсөж байна.

Тодруулбал, тeхникийн боловсрол олгох 6 мэргэжлээр 67, мэргэжлийн сургалтын нэг жилийн ангийг 23 мэргэжлээр 358 суралцагч төгсөж, энгэрийн тэмдэг, мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. 

Тэд өнгөрсөн хугацаанд 124 аж ахуйн нэгж, компанид төгсөлтийн өмнөх дадлага ажил хийж, ур чадвараа хөгжүүлсэн байна. Улмаар энэ удаагийн төгсөгч дундаас тeхникийн боловсролын  малын бага эмч, агротeхникч, зоотeхникч ангийн 7 суралцагч Хөдөө аж ахуйн их сургуульд дэвшин суралцахаар боллоо.  

Харин бусад төгсөгчийн 61 хувь нь шууд ажлын байртай болж байна. Энэ удаагийн төгсөгчид ихэвчлэн дадлага хийсэн аж ахуйн нэгж, компанидаа үргэлжлүүлэн ажиллах, баг бригад болон ажиллах санал хүлээн авсан бол зарим нь өөрөө өөртөө ажлын байр бий болгож байгаагаараа онцлогтой.

"Эрдмийн баяр-ажлын гараа" өдөрлөгийн явцад тус коллежийн удирдах ажилтнууд, багш, суралцагч, төгсөгчдийн төлөөлөл үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Ман түүнчлэн шилдэг тэргүүний суралцагч төгсөгчдөө шагнан урамшууллаа. 

 

Холбоотой мэдээ