ЗАВХАН: Малчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-07 15:02:34

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах төсөл 2028 он хүртэл хэрэгжиж байна.


Энэ төсөл нь “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” нэртэйгээр хэрэгжиж буй юм. Төсөл дөрвөн аймагт 2021-2028 оны хугацаанд хэрэгжинэ.

Төслийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй юм.


Завхан аймгийн хувьд төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий салбарыг дэмжих бөгөөд дунд болон урт хугацааны төлөвлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах. Төлөвлөн хэрэгжүүлэх чадавхыг хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжлийн зорилтуудтай уялдуулж бэхжүүлэхээр зорьж буй юм.


Төслийн зорилтот аймгуудад 2022-2023 онд нийт 106,8 га газрыг ойжуулалт хийх зорилгоор хашаалж ирэх жил 53’000 мод тарих боломжийг бий болгов. Мөн зургаан булгийг хамгаалснаар 270 гаруй малчин өрхийн 180 мянга орчим малын ундны усны эхийг хатаж ширгэхээс сэргийлсэн. Түүнчлэн зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс өвс, тэжээлийн агуулах, саравч барих ажлыг гүйцэтгэж байна.


Дээрх ажлуудаас гадна Завхан аймаг төслийн хүрээнд нийт 130 гаруй мэргэжлийн байгууллагууд болон, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг чадавхижуулах, 130 гаруй малчдад мэдээлэл, өгөх чадавхижуулах сургалтыг хийгээд буй юм. Ялангуяа байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдэд уур амьсгалын мэдээлэлд түшиглэн төв, орон нутгийн газар ашиглалт, усны нөөцийн төлөвлөлтийг нь сайжруулах.


Экосистемд тулгуурласан дасан зохицох арга хэмжээг хамтын оролцоотой хэрэгжүүлэх. Тогтвортой эх үүсвэрээс бэлтгэсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, малчдын чадавхыг бэхжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий ажлуудыг хийж байна.

Харин энэ онд нутаг дэвсгэрийн бодлого, төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдлыг харгалзан боловсруулах. Салбарын албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, дасан зохицох ажлуудыг байгальд ээлтэй аргаар гүйцэтгэх.

Малчид, малчдын байгууллагын чадавхыг бэхжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөсөн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.



Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжих хамгийн томоохонд тооцогдох төсөл бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг нэг сая орчим орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх юм.

Өөрөөр хэлбэл төсөл дөрвөн аймгийн 68 суманд хэрэгжинэ. Мөн энэхүү төсөл нь гаргаж буй хөрөнгийн хэмжээ, хамарч буй асуудлын цар хүрээ,  хэрэглэж буй аргын шинэлэг байдал, нэвтрүүлж буй техник технологийн түвшин зэрэг олон  үзүүлэлтээрээ онцлогтой юм.


Өмнөх төслүүд бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэж байсан бол энэ  төсөл уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох  асуудал голлосон анхны төсөл аж. 

Холбоотой мэдээ