Бизнесийн хэргийн мэргэшсэн шүүх байгуулахыг санал болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-06 13:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад бизнесийн маргаантай холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд дунджаар 6.2 жилийн хугацаа ордог. Үүнд хөрөнгө оруулагчдын гомдлын ердөө 10 хувийг шийдвэрлэдэг байна. ЭЗХЯ-наас гаргасан дээрх тоон мэдээллийг Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр дурдлаа.


Тиймээс шүүхийг хараат бус, ашиг сонирхлоос ангид, шуурхай болгох шаардлагатай байна. Мөн бизнесийн хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн шүүхүүдийг байгуулах нь Монголын шүүхийн тогтолцоо зохих ёсоор ажиллаж, үйл ажиллагаагаа явуулахад тустай байх болов уу гэсэн саналыг Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн дарга, хатагтай Клаарже Генбургге хэллээ.


Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 11 компани ЭХЯ-наас цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний хариу хүлээж байна.


Тус танхим гишүүн байгууллага, компани, ААН-үүдийн саналыг тусгасан тайлан мэдээллээ анх удаа гаргаж буй юм.


Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь Европ-Монголын бизнесийн харилцааг өргөжүүлэх, Монгол дахь бизнесийн орчныг сайжруулах зорилгоор 2019 онд байгуулагдсан, Европын холбооны төлөөлөгчийн газар, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэй, гишүүдийнхээ болон хувийн хэвшлийн дуу хоолойг нэгтгэн, төр, засагт хүргэдэг бодлогын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй, 190 орчим гишүүнтэй байгууллага гэдгийг тус Танхимын гүйцтэгэх захирал Б.Зандан танилцууллаа.


Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүдээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт тулгарч буй доорх тодорхойгүй нөхцөл байдлуудыг засч залруулах санал тавьжээ. Үүнд:

  • Бизнесийн маргаан, хэргийг шийдэж байх мэргэшсэн шүүх ажиллуулах,
  • Татвараас уул уурхайн хайгуулын зардлыг суутган тооцдоггүй,
  • Хөдөлмөрийн хуульд ажиллах, амрах цагийг тэнцүүлэх шинэ заалт нэмсэн нь уул уурхайн компаниудад багагүй хүндрэл үүсгэж байна.
  • Сэргээгдэх эрчим хүчний компаниуд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг авч чадаагүй, 11 компани энэ салбарт нэвтэрч, цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээг хүлээж байна гэв.

Европ-Монголын хамтарсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимд Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Их Британи-Монголын болон Франц-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим гишүүнчлэлтэй, бодлогын болон бусад асуудлаар хамтран ажилладаг байна. 

Холбоотой мэдээ