БАЯНХОНГОР: Зарлан мэдээллийн дадлага, сургалт хийх бэлэн байдлыг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-06 13:50:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд "Стратегийн команд штаб"-ын дадлага, сургуулийг энэ сарын 7-9-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой комисс хуралдав. Хурлаар мэргэжлийн анги, албадын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, зарим холбогдох чиглэлийг өглөө.


Засгийн газрын тогтоолоор “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана” гэж шийдвэрлэсэн. Энэ удаагийн дадлага, сургууль нь Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж буй стратегийн команд штабын сургуультай давхцаж байгаа бөгөөд энэ сарын 8-ны өдрийн 16.00 цагт хийхээр төлөвлөөд буй.


Иргэд тухайн цагт барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангаж, дадлага сургуулилтанд идэвхтэй хамрагдахыг аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.





ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ


1. Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,


2. Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,


3. Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

Холбоотой мэдээ