БАЯНХОНГОР: Усархаг, аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-05 14:31:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Хангай, хээр талын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, цаашдаа ихэнх нутгаар халуун байхыг УЦУОША-наас мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 6, 7, 9-нд хангай болон хээр талын нутгийн зарим газраар, 8-нд хангай хээр талын нутгийн ихэнх хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох аж.

Энэ сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  мэдээгээр салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх юм байна. Мөн хугацаанд, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +18...+23 градус, хээр талын нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +22...+27 градус, говийн нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +35…+40 градус дулаан байна.

Бороотой өдрүүдэд, иргэд гэр хашаа хороогоо усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгаар явахдаа иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж, машинаар гол гатлахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ