Худалдааны эргэлтийг 100 сая, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-02 16:49:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдааныг өнөөдөр Бангкок хотноо зохион байгуулав.


Хуралдааныг БОАЖ-ын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар ахаллаа. Хуралдааны үеэр талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, 2024 онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх, хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцсон байна. 


Талууд Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хийх, соёлын өдөр, эрдэмтэн судлаачдын онлайн дугуй ширээний хэлэлцүүлэг хамтран зохион байгуулахаар тохиров. Мөн “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгасны дагуу 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр хамтран ажиллахаа талууд нотлов.


Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол орныг сурталчлах, жуулчдыг татахад чиглэсэн аялал жуулчлалын өдөрлөг, үйл ажиллагааг Тайланд Улсад зохион байгуулах, Тайландын тур операторын төлөөллийг Монголд айлчлуулах, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, Улаанбаатар-Бангкок чиглэлийн шууд нислэгийг энэ оны 6 дугаар сараас эхлэн үйлдэх, Тайландын Худалдааны яамнаас зохион байгуулдаг Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан үзэсгэлэн, худалдаанд Монголын бизнес эрхлэгчдийг оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгджээ.


Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн-ы ивээл дор Монголын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлсэн “Үдийн хоол” хөтөлбөрийг үргэлжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өрнүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах Монголын талын саналыг Тайландын тал дэмжжээ.


Монголын тал Тайландын Хаант Улсын Эрхэмсэг гүнж Чулабхорн-ыг Монгол Улсад хүлээн авахдаа баяртай буйгаа илэрхийлэв. Түүнчлэн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд байгуулах баримт бичгүүдийн тохиролцох яриа хэлэлцээг эрчимжүүлж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцсон байна. 


Хуралдаан найрсаг уур амьсгалд, ажил хэрэгч, үр бүтээлтэй болж, талууд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит III хуралдааныг 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ