Нийтийн тээврийн 40 чиглэлийг өөрчилнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-02 15:42:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон” зохион байгуулахад зам хаахтай холбоотой нийтийн тээврийн 40 чиглэлийн 439 автобусны маршрутыг өөрчилнө.


Тодруулбал, Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”-ийн автобусны зогсоолоос суух боломжтой. Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр “худалдааны төв, “Нарны титэм”-ийн автобусны зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн автобусны зогсоолоос сууж үйлчлүүлэх боломжтой.


Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаахтай холбоотой тухайн өдөр троллейбусаар үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон", Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б: “Зүүн дөрвөн зам-Сансар-Вокзал” чиглэлүүд үйлчилгээнд явахгүй аж.



Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир энэ талаар мэдээлэхдээ, “Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явж, хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 18.00 цагаас хойш үндсэн чиглэлийнхээ дагуу үйлчилнэ” гэлээ.

Холбоотой мэдээ