ДОРНОД: 700 гаруй номыг уншиж, үзэж, сонсох хэлбэрт оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-25 11:55:37

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Төв номын сангийн "Цахим номын сан"-д 700 гаруй ном зохиолыг уншиж, үзэж, сонсож болох хэлбэрээр оруулаад байна. Энэ үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор Хэрлэн сумын ЕБС-иудын дунд шилдэг уншигч анги хамт олон, багш, менежер, сургуулийн номын санчийг шалгаруулах уралдаан зарлаж, дүнгээ гаргажээ.  

Уралдаанд Хэрлэн сумын 11 сургуулийн 1329 сурагч, анги хамт олны төрөлд долоон сургуулийн 57 анги оролцсоноос "Цахим номын сан"-гийн идэвхтэй уншигч анги хамт олноор Нэгдүгээр сургуулийн 4г анги тэргүүн байр, Наймдугаар сургуулийн 11а анги удаах байрт шалгараад байна. Бусад төрлүүдийн шилдгүүдийг энэ сарын 25-27-ны өдрүүдэд болох Номын баярын үеэр шалгаруулж, шагналыг гардуулахаар төлөвлөжээ.

Сурагчид энэхүү уралдаанд оролцсоноор техник технологийн дэвшлийг ашиглаж, зайнаас сонирхсон ном зохиолоо уншиж судлах, унших арга барил эзэмших тал дээр ахиц гарсан гэж багш нар ярьж байлаа. 

Сонирхуулахад, Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв номын санд 200-300 жилийн настай 1000 гаруй судар бичиг бий. Ноднин жилээс эхлэн дээрх судруудыг код шифртай болгож, цахим каталогижуулж байгаа юм. Үүний үр дүнд дэлхийн аль ч өнцгөөс судалгааны ажил хийж байгаа эрдэмтэд үзэж танилцах боломж бүрдэнэ. Судар бичгүүдийн дийлэнх нь шашны холбогдолтой бүтээлүүд аж. 

 

Холбоотой мэдээ