“NASA” Японы буугч аппаратын үлдэгдлийнх байж болзошгүй зургуудыг дэлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-05-24 12:50:38

ТОКИО. /Kyodo/. Мягмар гарагт АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Японы буугч аппаратын амжилтгүй газардсан Сарны хэсгийн зургуудыг дэлгэжээ.


АНУ-ын “Lunar Reconnaissance Orbiter” тойрог замын аппаратын авсан зургуудад буугч аппаратын хэсгүүд гэж үзэж буй дөрвөн объект харагдаж байжээ. Токио хотод төвтэй “ispace” компанийн бүтээсэн уг аппарат нь 2.3 метр өндөр, 2.6 метр өргөнтэй байжээ.


“NASA”-гийн “Twitter” хуудсанд мэдээлснээр, тойрог замын аппаратын камер “Hakuto-R Mission 1” буугч аппаратын унасан газрыг дурандаа буулгасан байна. Уг аппарат нь дөрөвдүгээр сарын 26-нд Саран дээр газардуулах оролдлогын үеэр холбоо тасарсан юм. “NASA” ирэх саруудад уг газрыг илүү нарийвчлан судална гэдгээ мөн мэдэгдсэн байна.


Өнгөрсөн 12 дугаар сард Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн буугч аппарат дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сарны гадаргуугаас ойролцоогоор 100 км-ийн өндрөөс бууж эхэлжээ. ispace” компанийн мэдээлснээр, аппарат өндрийг буруу тооцоолсны улмаас гадаргуу дээр унаж, газардахаас нь өмнө түлш нь дууссан гэж үзэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ